Усэйн Болт ирэх оныг фенүүддээ зориулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-01 14:48:36

ЛОНДОН. /Prensa Latina/. Ямайкын ойрын зайн гүйгч, дэлхий болон Олимпын аварга Усэйн Болт тамирчныхаа суут замналын сүүлчийн жил болох 2017 оныг фенүүддээ зориулах ажээ.

У.Болт 2017 онд Лондонд болох ДАШТ-нд оролцсоныхоо дараа их спортыг орхин явах гэж байна. Энэ талаар тэрбээр “ирэх улирлыг би өөрийнхөө фенүүддээ бүхэлд нь зориулна” гэж ярьжээ.

“Би бол Болт” гэдэг нэртэй баримтат киноны нээлтэнд оролцохоор У.Болт Лондонг зорьсон байна. Тэрбээр ирэх онд оролцох тэмцээнүүддээ өмнөх жилүүдийнх шиг тийм гайхалтай амжилт гаргахгүй байж магадгүй юм.

“Бүх юм илүү тайван болно. Би дасгалжуулагчтайгаа энэ талаар ярилцаад, тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтандаа бага зэрэг өөрчлөлт оруулна. Энэ удаад бид аливаа зүйлсийг арай өөрөөр хийх гэж байна” хэмээн У.Болт ярьжээ.

Харин тэрбээр өрсөлдөж, ялахыг хүсч байгаа тухайгаа “Би хэзээ ч ялагдахыг хүсдэггүй, ирэх онд ч мөн адил. Гэхдээ дарамт харьцангуй бага байх байх. Өөрөөр хэлбэл би харьцангуй бага "стрессдэх" байх. Би үргэлж хүсч явдаг шигээ энэ удаад ч мөн адил ялахын тулд бүхнээ зориулах болно” гэж ярьсан байна .

У.Болт Германы мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох “Боруссиа Дортмунд”-ын тоглогчидтой бэлтгэл хийхээр болсон байна. Тэрбээр энэ талаар ярихдаа “Би Дортмундад очиж тэдэнтэй хамт бэлтгэл хийнэ. Энэ бол зүгээр л нэг бэлтгэл юм” гэжээ.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ