Л.Мөнхбаатар:Монгол бичгээ суръя гэвэл гадна хаягаасаа эхлэх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-30 12:12:09

Дархан-Уул аймгийн Хүүхдийн Номын Ордны захирал Л.Мөнхбаатартай ярилцлаа

-Танайх Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ? Ямар ч байсан гадна хаягаа Монгол бичгээр сайхан бичиж хадсан байна?

-Манайх Монгол бичгээ дэлгэрүүлэх ажлыг үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамгийн эхлээд байгууллагынхаа гадна хаягийг хүүхдүүдийг уншихад ойлгомжтой болгож Монгол бичгээр бичиж хадсан. Мөн уншлагын танхимууд дотор “Монгол бичгийн танхим”-ыг нээсэн. Бид энэ танхимдаа Монгол хэл бичгийн тэр дундаа Монгол бичгээр бичсэн ном зохиол 1000 орчимыг цуглуулан байрлуулж уншигч хүүхдүүдэд үйлчилж байна. Хүүхдүүд эндээс Монгол бичгээр уншиж сурах, Монгол бичгийн хичээлийнхээ даалгаврыг хийж хоцрогдлоо арилгах болон бусад төрлийн туслалцаа авах боломжоор хангаж өгсөн. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүд Монгол бичгээр элсэлтийн шалгалтад бэлтгэх чиглэлийн ном сурах бичгүүдийг тавьсан байгаа. Монгол бичгийн энэ танхимдаа бид сүүлийн найман жил “Хүмүүн бичиг” сониноо тасралтгүй захиалан байршуулж уншигч хүүхэд багачууддаа үйлчилж ирлээ.

-Танай энэ танхимд гол нь ямар ямар ном байгаа вэ? Тэдгээрийн заримаас нь нэрлэж хэлнэ үү?

-Хамгийн нэгдүгээрт бүх төрлийн сурах бичгүүд, Монгол бичгийн анхан шатны мэдлэг олгох гарын авлагууд, хоёрт Монгол бичгийн хялбаршуулсан чиглэлийн номууд бий. Тухайлбал Монгол бичгээр хэвлэгдсэн эртний “Цаасан шувууны үлгэр”, “Авах гээхийн ухаан”, “Монголын нууц товчоо” зэрэг 200-гаад ном байгаа. Мөн Монгол бичгийн бүх төрлийн толь бичгүүд ч байна. Үүнд Я.Цэвэлийн толь, Чоймаа багшийн толь гээд олон бий шүү.

-Монгол бичгээр явуулдаг уралдаан тэмцээн бий юу? Байгаа бол ямар уралдаан байдаг вэ?

-Байлгүй яахав жил бүрийн тавдугаар сард болдог Үндэсний бичиг үсгийн баяраар аймгийн Боловсрол, Соёлын газар, манай Хүүхдийн Номын ордон хамтарч Монгол бичиг сонирхогч ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Үндэсний бичгээ хэн гоёмсог бичих вэ?” гэдэг уралдааныг тогтмол явуулж ирсэн. Мөн хүүхдүүдийг Монгол бичгээр хэрхэн калиграфикаар бичих тухай сургалтыг хааяа зохион байгуулдаг.

-Танай танхимыг чинь ямар мэргэжлийн хүн удирдаж явуулдаг вэ?

-Манай “Монгол бичгийн танхим”-ыг маань МУИС-ийн Монгол хэл бичгийн анги төгссөн О.Даваасүрэн багш хариуцаж долоо хоногийн таван өдөрт нь “Монгол бичгийн дугуйлан” ажиллуулж хичээлүүлдэг. Үүндээ бид заавал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэж хязгаар тавьдаггүй оюутнууд, насан хүрэгчид, монгол бичиг сурах гэж ирсэн гадаадын иргэдэд ч ирж болдог. Манайх явуулж байгаа бүх сургалтууддаа ямар ч үнэ төлбөр авдаггүй онцлогтой.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ