Улс тунхагласны 92 жилийн ойн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-26 19:51:25

Улс тунхагласны 92 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Улсын арслан Н.Батсуурь нар тунаж үлдэн, улмаа Улсын аварга Ч.Санжаадамба Улсын харцага, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярыг амлан авснаар Увс нутгийн хоёр арслан тунасан юм.

Ч.Санжаадамба энэхүү барилдаанд манлайснаар тус баярын дөрөв дэх түрүүгээ авлаа. 2012, 2015 онд мөн энэ хоёр бөх тэргүүн байр булаацалдаж байсан түүхтэй.

Нийт 256 бөх зодоглосон уг барилдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз, ТВ-9 телевиз шууд дамжуулан үзүүллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ