Тайванийн “TransAsia Airways” бүх нислэгээ цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТАЙПЭЙ. /Kyodo/. Тайванийн иргэний агаарын тээврийн гурав дахь том компани болох “TransAsia Airways” мягмар гарагт буюу өнөөдөр хийхээр төлөвлөсөн дотоод, гадаадын бүх нислэгээ цуцалжээ.
Тус компани өчигдөр орой энэ тухай мэдэгдсэн байна.
Чухам ямар учраас хуваарьт нислэгүүдийг цуцлах болсныг уг мэдэгдэлд дурдаагүй боловч “мягмар гарагт удирдах зөвлөлийн уулзалт болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэжээ.
Тус компани нь Тайвань дотор болон эх газрын Хятад руу, мөн гадаад улс орнууд руу, тэдгээрийн дотор Японы хэд хэдэн хот руу тогтмол нислэг үйлддэг байна.
Мягмар гарагийн нислэгийн тасалбар захиалсан хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгоно гэж тус компани мэдэгдэв. Тайванийн албаны хүмүүсийн хэлснээр, нислэг цуцалсан нь 5000 орчим хүнд нөлөөлжээ.
Г.Доржханд