ОАНА-гийн 16 дахь удаагийн Ерөнхий Ассамблей амжилттай болж өндөрлөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАКУ. /Oananews/. Азербайжан улсын Ерөнхийлөгч Гейдар Алиевийн нэрэмжит сан болон мэдээллийн “AZERTAC” агентлагийн хамтран зохион байгуулсан Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАNA/ 16 дахь удаагийн Ерөнхий Ассамблей Баку хотноо болж өнгөрлөө.
Уг уулзалтын өмнөхөн ОАНА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 40 дүгээр хуралдаан болсон юм.
ОАНА-гийн ерөнхийлөгч, “ТАСС” агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов уулзалтыг нээж үг хэлэхдээ, Ерөнхийлөгч Ильхам Алиев, Гейдар Алиевийн нэрэмжит сангийн ерөнхийлөгч Мехрибан Алиев болон “AZERTAC” агентлагийн ерөнхий захирал Аслан Асланов нарт энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр, 35 орны 44 мэдээллийн агентлагаас бүрдэх ОАНА байгуулагдсан түүхээс иш татан дурдлаа.
Уулзалтын эхэнд оролцогчид Ерөнхий Ассамблейгаар хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөөг баталж, OAНА-гийн санхүүгийн тайлантай танилцсан байна.
Энэхүү уулзалтыг зохицуулагч, ОАНА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, “ТАСС” агентлагийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусман хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалтад 40 агентлагийн дарга, төлөөлөгчид болох 80 гаруй хүн оролцож байгааг онцлон тэмдэглэв.
Үүний дараагаар Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөөг батлах талаар санал хураалт явуулан, уг төлөвлөгөөг баталлаа.
“ТАСС” агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов үг хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн технологи хөгжиж байгааг сайшаан дурдсан байна. Мөн тэрбээр, ОАНА-гийн хүрээнд Ёс зүйн хороо байгуулах талаар дурдаад, зарим оронд сэтгүүлчид хүчирхийлэлд өртөх нь газар авч байгаа энэ үед ийм хороо байгуулах нь чухал болохыг тэмдэглэн хэлэв.
Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ, ОАНА нь бүс нутгийн болон олон улсын хэд хэдэн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хүмүүст зориулан тусгай шагнал бий болгосныг мэдэгдлээ. Үүний дараа “ОАНА-гийн шилдэг шагнал”-ын эзэд болсон БНСУ-ын “Yonhap” агентлагийн ажилтан Тае Сун Чун болон Оросын “ТАСС” агентлагийн ажилтан Андрей Лебедев нарт уг шагналыг гардуулах ёслол болов.
Энэ арга хэмжээний дараа ОАНА-гийн техник, санхүүгийн тайлантай танилцах, түүнийг батлах болон ёс зүйн хороо байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
ОАНА-гийн шинэ ерөнхийлөгчөөр “AZERTAC” агентлагийн ерөнхий захирал Аслан Асланов сонгогдлоо. Харин Оросын “ТАСС”, Хятадын “Xinhua”, БНСУ-ын “Yonhap”, Туркийн “Anadolu” агентлагийн тэргүүн нар ОАНА-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Ираны “IRNA”, Бахрейны “BNA”, Вьетнамын “VNA”, Ливаны “NNA”, Австралийн “ААР”, Японы “Kyodo”, Энэтхэгийн “PTI”, Малайзын “Bernama” агентлагийн дарга нар ОАНА-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
ОАНА-гийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Аслан Асланов хэлэхдээ, надад болон манай агентлагт итгэл хүлээлгэж, дэмжсэн явдалд талархаж байна гээд, Баку хотноо болж өнгөрсөн Дэлхийн мэдээллийн агентлагуудын V их хурлын үеэр үр дүнтэй хэлэлцүүлэг явагдсаныг сайшаан дурдсан байна.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч үг хэлсний дараа Гүйцэтгэх зөвлөлийн 41 дүгээр хуралдааны талаар хэлэлцэв. “AZERTAC” агентлагийн Герман дахь сурвалжлагч Вугар Сеидов ОАНА-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.
Азербайжаны “AZERTAC”, Оросын “ТАСС”, Ираны “Mehr”, Монголын “МОНЦАМЭ”, Индонезийн “Antara”, Казахстаны “Kazinform”, Кувейтын “KUNA” агентлагууд ОАНА-гийн Техникийн хорооны гишүүнээр сонгогдсон бол “AZERTAC”, Вьетнамын “WAM”, “Kyodo”, “ААР” агентлагуудыг ОАНА-гийн Ёс зүйн хорооны гишүүнээр сонгов.
БНСУ-ын “Yonhap” агентлаг ОАНА-гийн 17 дахь удаагийн Ерөнхий Ассамблейг зохион байгуулах санал дэвшүүлснийг санал хураалт явуулан дэмжин баталсан байна. Тус агентлаг 2019-2020 онд ОАНА-г даргалах юм.
Харин Гүйцэтгэх зөвлөлийн 42 дугаар хуралдааныг Бахрейн улсад ирэх оны гуравдугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Михаил Гусман чуулганыг хааж үг хэлэхдээ, Дэлхийн мэдээллийн агентлагуудын V их хурал болон ОАНА-гийн 16 дахь удаагийн Ерөнхий Ассамблейг маш сайн зохион байгуулсан Ерөнхийлөгч Ильхам Алиев болон Гейдар Алиевийн нэрэмжит санд талархал илэрхийлээд, Дэлхийн мэдээллийн агентлагуудын их хурал болон ОАНА-г даргалах “AZERTAC” агентлагийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Д.Нямтулга