ШХАБ-ын Залуучуудын зөвлөлөөс дугуй ширээний уулзалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-22 11:42:28

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Залуучуудын зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг дугуй ширээний уулзалт 11 дүгээр сарын 14-ний өдөр  Москва хотноо болов.

“ШХАБ дахь ОХУ-ын оролцоо” сэдвийн хүрээнд болсон уг дугуй ширээний уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудлаарх тусгай төлөөлөгч Б.М.Хакимов, Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, олон улсын асуудал эрхлэх хорооны дарга Л.Э.Слуцкий, Төрийн Думын гишүүн, биеийн тамир, спорт, аялал жуучлал, залуучуудын асуудал эрхлэх хорооны дарга М.В.Дегтярев,  Төрийн Думын гишүүн, ТУХН болон Евразийн интеграцчлалын асуудал эрхлэх хорооны гишүүн И.Х.Зиннуров болон ОХУ-ын Тээврийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, “Россотрудничество” байгууллага, ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн төлөөллүүд оролцож, ШХАБ-ын хүрээн дэх худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, залуучуудын оролцоо зэрэг олон асуудлаар санал солилцон ярилцлаа.

Дугуй ширээний уулзалтанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд нар уригдан оролцлоо. Элчин сайд Б.Дэлгэрмаа ШХАБ дахь Монгол Улсын оролцоо, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны талаар үг хэлэв.

Холбоотой мэдээ