"Лондон-2012"-ын медальтнууд сэргээшийн шинжилгээнд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-11-22 10:45:59

ЛОНДОН. /ВВС/. “Лондон-2012” зуны Олимпийн наадмын үеэр тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээний дээжийг дахин шинжилж үзээд шинжилгээний хариу нь эерэг гарсан долоон тамирчны медалийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ хураажээ.

Эмэгтэйчүүдийн 3000 м-ийн зайн саадтай гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн Оросын тамирчин Юлия Зарипова медалиа хураалгасан байна.

Үлдсэн зургаан тамирчны хоёр нь хүндийн өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн Оросын тамирчин бол нөгөө дөрөв нь Молдав, Беларусь болон Арменийн хүрэл медаль хүртсэн тамирчид аж.

Мөн медаль хүртээгүй таван тамирчин, тэдний дотор Украины зээрэнцэг шидэгчээс авсан шинжилгээний дээжнээс хориотой бодис илэрчээ.

“Лондон-2012” болон “Бээжин-2008” Олимпын наадамд оролцсон тамирчдаас авсан шинжилгээний дээжийг ОУОХ Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагтай хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан дахин шинжилж байгаа юм.

Дээжүүдийг дахин шинжлэхэд олон тамирчид, тэдний дотор бөх, хөнгөн атлетик болон хүндийн өргөлтийн тамирчид сэргээшийн шинжилгээнд унаад байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ