Иргэдийн санал шүүмжлэлийн мөрөөр ажиллав

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 10:48:29

Дархан хотын доторх хүний гараар зөөх боломжгүй бетонон хог хаягдлыг ойрын хугацаанд зөөж зайлуулахаар боллоо.

Дархан-Уул аймгийн  аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн н.Гэрэлтуяа нар Иргэний Танхимын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр ажиллаад ийм шийдэлд хүрсэн байна. 

Мөн “Жишиг хороолол”-уудаар явахдаа гэрэлтүүлгийн шон нь хугарсан, хогийн сав, сандал сүүдрэвч нь эвдэрсэн зэргийг үзэж тухайн хариуцсан Сууц Өмчлөгчдийн холбоодын дарга нартай уулзан санал солилцож засч янзлах үүрэг даалгавар өглөө.  Мөн үеэр “Орон нутагт хийгдсэн бүхий л бүтээн байгуулалтын ажлуудад их бага хэмжээгээр байнга эвдрэл гарч байгаа” тухай аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн н.Гэрэлтуяа танилцуулсан юм. Иймд “Жишиг хороолол”-ын бүтээн байгуулалтад гарч байгаа эвдрэл гэмтлийн судалгааг яаралтай гаргаж зохих арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Түүнчлэн иргэдээс аймгийн удирдлагуудыг биечлэн танилцахыг хүссэн зарим нэг асуудлуудыг газар дээр нь очиж үзэв. Тухайлбал: Зургадугаар багийн “Ногоон зоорь”, “Өгсөх зам”, “Майхантын-1” дүгээр гудамжны 497м замтай танилцаж тус багийн иргэдтэй уулзлаа. Мөн иргэдийг багагүй бухимдуулдаг “Шараагийн Төмрийн цэг”, наймдугаар багийн нутаг “Микро хороолол”-ын дунд байрлах “Сутайн буянт” архины дэлгүүрийн худалдаа үйлчилгээнд хяналт тавьж зөрчлийг нь арилгуулахаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ