Далай ламын айлчлалаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг арилгахыг БНХАУ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-21 11:08:36

БЭЭЖИН. /GlobalTimes/. Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг арилгаж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг алдагдуулахаас зайлсхийхийг Монгол Улсад хандан Хятад улс уриаллаа.

Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан ням гарагт мэдэгдэл хийхдээ “хэдийгээр БНХАУ эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн боловч Монголын тал Далай ламыг өөрийн оронд хүлээн авлаа” гэв.

Далай лам Монголд айлчилж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэж тэрбээр хэлэв.

XIV Далай лам Хятадын эсрэг салан тусгаарлах ажиллагааг эртнээс явуулсан гэж Гөн хэлээд “Далай лам бол улс төрийн цөллөгдөгч. Тэрбээр шашны далбаан дор Түвдийг Хятадын газар нутгаас салгахыг оролдож буй хүн юм” гэжээ.

Мөн мэдэгдэлд “Далай лам Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах, Далай лам болон аль ч улс орны удирдагчид хоорондоо харилцаж холбогдохыг Хятад улс хэзээ ямагт эрс эсэргүүцэх болно” гэсэн байна.

Далай ламын бүлгийнхэн салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг болохыг хүлээн зөвшөөрөх, Хятад улсын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэх, Далай ламын айлчлалаас үүдэн гарах аливаа сөрөг нөлөөг арилгахыг БНХАУ-ын зүгээс Монголын талд уриалж байна гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдлээ.

Г.Доржханд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ