АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-20 11:18:41

ЛИМА. /Kyodo/. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу АПЕК-ийн гишүүн  21 улсын дээд хэмжээний уулзалт Перугийн нийслэл Лима хотноо болж байна.

Орон нутгийн цагаар бямба гарагт эхэлсэн уг дээд хэмжээний уулзалтанд оролцож буй гишүүн улс орнуудын удирдагчид, тэдний дотор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын  дарга Си Зиньпин нарыг Перу улсын Ерөнхийлөгч Педро Пабло Кучински угтан авчээ.

Удирдагчид АПЕК-ийн Бизнесийн зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүдтэй өчигдөр хэлэлцээ хийж, орой нь хүндэтгэлийн зоог барьжээ.

Тэд өнөөдөр чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн цар хүрээг хамарсан асуудлаар санаа бодлоо солилцох аж.

Нээлттэй зах зээлийг дэмжиж, гаалийн тарифаар хамгаалах бодлогын бүх хэлбэрээс татгалзах нь чухал гэж удирдагчид үзэж байна.

Өнөөдөр хамтарсан тунхаг бичиг гаргаснаар АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөнө.

АПЕК-ийн гишүүн улсууд нь дэлхийн ДНБ-ий 57 хувь болон дэлхийн худалдааны 48 хувийг бүрдүүлдэг бол дэлхийн нийт хүн амын 40 хувийг эзэлдэг аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ