2.4 тэрбум хүн стандартын шаардлага хангасан "00"-ийн гачигдалтай амьдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-19 12:29:27

НҮБ. /Xinhua/. Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байгаатай холбоотойгоор эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах нь чухал болохыг НҮБ онцлон тэмдэглэлээ.

Жил бүрийн  11 дүгээр сарын 19-нд тохиодог “Дэлхийн жорлонгийн өдөр” нь бие засах газар ямар чухал болохыг хүмүүст ойлгуулах боломж юм. Энэ өдрийг Сингапур улсад төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж ирсэн байна.

Дэлхийн жорлонгийн холбоо нь олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхий дахинд жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг аж. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэдэг хүн үүсгэн байгуулж, эдүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Дэлхийн хэмжээнд 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байна. Энэ байдлыг сайжруулах, хандив цуглуулах арга хэмжээнүүдийг өндөр хөгжилтэй орнуудад тэмдэглэлт өдрөөр зохион байгуулдаг аж. Мөн жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтэнд “жорлон, ариун цэврийн өрөө нь "хүчирхэг" эдийн засгийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажил дээр болон гэр оронд ариун цэврийн өрөө гачигдалтай байх, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх нь ихээхэн сөрөг үр дагавартай. Тухайлбал, янз бүрийн өвчин туссаны улмаас ажил таслах, анхаарал сарних, ядаргаанд орох, бүтээлч байдал буурах ...г.м” гэжээ.

Ажлын байранд нас барсан тохиолдлуудын 17 хувь нь стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн өрөөтэй холбоотой бөгөөд эрүүл ахуйн нөхцөл хангаагүй жорлон болон бохир усны улмаас дэлхийн эдийн засагт жилд 260 тэрбум долларын хохирол учирдаг аж.

НҮБ-ын тэргүүний хэлснээр, усны чанар болон эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулахад таны хийсэн нэг долларын хөрөнгө оруулалт дөрвөн доллар болоод эргэж ирэх болно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 11 дүгээр сарын 19-нийг 2013 онд албан ёсоор “Дэлхийн жорлонгийн өдөр” болгосон юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ