Д.Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-19 10:50:55

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн засаг захиргааны гурван гол албан тушаалтныг сонгожээ.

Тэрбээр Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн захирал асан Майкл Флиннийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө сонгосон байна.

Конгрессын гишүүн Майк Помпео-г Тагнуулын төв газрын захирлаар, сенатч Жефф Сешионсийг ерөнхий прокуророор сонгожээ.

Дэслэгч генерал асан Флинн нь ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампыг дэмжиж, түүнд дипломат харилцаа болон үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө өгч байжээ.

Харин Сешионсийн хувьд хууль бус цагаачидтай тэмцэх хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж Д.Трампт зөвлөдөг байжээ.

Д.Трамп өөрийн засаг захиргаанд ажиллах хүмүүсээ, тэдний дотор төрийн нарийн бичгийн дарга болон батлан хамгаалахын сайдыг сонгохын тулд уулзалтууд зохион байгуулах аж.

Тэрбээр 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Митт Ромнитой уулзахаар товложээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ