Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг байгуулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-16 14:15:13

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Яаралтай тусламжийн тасаг/ЯТТ/-ынхаа дэргэд Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаггүй цөөхөн аймгуудын нэг. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг байгуулахад доод тал нь 84 орчим сая төгрөг шаардлагатай юм байна.

Эмнэлгийн удирдлагууд энэ талаар хэдэн жилийн өмнөөс хөөцөлдөж, одоогоор тасгийн ерөнхий зураглалаа гаргуулж, төсвөө хийлгээд байгаа ч санхүүжил дээр ирээд гацчихаад байгаа юм.

ЯТТ бол эмнэлгийн хамгийн гол цэг. Тэр ч утгаараа тус тасгийн ачаалал жил ирэх тусам нэмэгдсээр байна. ЯТТ нь хүүхдийн нэг, ажиглалтын хоёр, тусгаарлахын нэг гээд нийт дөрвөн ортой. Бид хүнд хүндэвтэр хүмүүс эндээ харж эмчилж байгаад зохих тасагруу шилжүүлдэг. Уг нь ЯТТ нь дэргэдээ эрчимт эмчилгээний тасагтай байна гэсэн заалттай. Гэтэл манайд одоохондоо тийм зүйл алга. Дээрээс нь тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу гээд асуудал бол багагүй байна хэмээн ЯТТ-ийн их эмч Г.Ариунцэцэг хэллээ.

Энэ талаар АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч Т.Тэгш-Эрдэнэ хэлэхдээ “АНЭ маань эрчимт эмчилгээний нэгдсэн тасаггүй учир одоогоор найман тасаг маань дэргэдээ эрчимт эмчилгээний өрөө гарган 1-2 ортойгоор ажиллаж байна. Уг нь тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын нийт орны гурван хувь нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний ор байна гэж заасан байдаг. Стандартынхаа дагуу одоогоор эхний ээлжинд  эрчим эмжилгээний тасгаа дөрвөн ортойгоор байгуулаад, ажиглалтын хоёр ороо нэмээд зургаан ортой ажиллахад боломжтой. Манайд энэ чиглэлээрээ бэлтгэгдсэн мэргэжлийнх нь эмч байна, байр сав нь бэлэн байна. Гагцхүү хөрөнгө санхүү л хэцүү байгаа юм. Энэ төслөө аймгийн хуучин удирдлагууд, тойргоос сонгогдсон гишүүн, бизнесэн гээд олон хүмүүст танилцуулж байсан ч одоогоор дорвитой хийгдсэн зүйлгүй байна” гэлээ.

Эмнэлгийн анхны тусламж авахаас эхлээд үхэл сэхлийн зааг дээр ирсэн хүмүүс ЯТТ-руу ирдэг. Эмч, эмнэлгийн ажилчид өөрсдийн боломжоороо хүмүүсээ авч тусламж үзүүлэн,  дараа нь тасаг руу шилжүүлдэг. Уг нь сэхээн амьдруулах эрчим эмчилгээний тасагтай болвол бусад тасгуудын ачаалал багасаж, бусад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ анхаарлаа бүрэн хандуулах боломжтой болох юм. аймаг орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийгдэж болно. Гэхдээ зам засах, байшин будах гэхээсээ илүү хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулалт хийвэл энэ нь буцаад ард иргэддээ маш их ач холбогдолтой юм. Аливаа улс орны өмч бол иргэн. Ард иргэд нь эрүүл саруул байвал тухайн улс, аймаг орон нутаг өөдлөн дэвших юм.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 14 тасаг нэгжтэй, 195 ортой. Үүний 129 нь даатгалаас, 66 нь төрөөс санхүүждэг. Энэ 14 тасаг нэгжийн нэг нь Яаралтай тусламжийн тасаг юм. Энэ тасгаар хоногт 30-50 хүн үйлчлүүлдэг.

2014 онд Монгол Улсад анх удаа яаралтай тусламжийн мэргэжлийн эмчээр 12 хүнийг бэлтгэж төгсөгсөний дөвөр нь хөдөө орон нутагт ажиллаж байгаагийн нэг нь Сүхбаатар аймагт байгаа юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ