Дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д Улаанбаатар жагсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэдээллийг сонсон, ААН-үүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Хуралдааны эхэнд “Агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ "Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн нь харамсалтай тоо баримт. Иймээс холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж "Цэвэр агаар сан"-г сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илтгэл тавихдаа "Нийслэл хотын удирдлагууд агаарын бохирдлыг бие дааж шийдвэрлэх нөөц бололцоо байхгүй. Тиймээс тодорхой саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Бидний зүгээс Агаарын бохирдлыг бууруулах сантай болохыг хүссэн. Өмнөх сангуудаас ямар ялгаатайг товч тайлбарлавал байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй технологи хэрэглэж буй айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой санг санаачилсан" гэлээ.
Хуралдааны хоёрдугаар хэсэгт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнүүдтэй гишүүд, холбогдох албан тушаалтнууд танилцав.
УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийг Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээ мэдэгдээд "Гэр хорооллыг орон сууцжуулах", "Агаарын бохирдлыг бууруулах сан"-г дахин сэргээх, нийтийн тээврийн тогтолцоог сайжруулах асуудалд холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг гишүүд сануулсан юм.
Н.Туяа