АНУ-гүйгээр ч Парисын гэрээ урагшлах болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-15 15:30:12

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын шинэ удирдах алба ямар шийдвэр гаргахаас үл хамааран Хятад болон бусад улсууд Парисын гэрээнд тууштай хандсан хэвээр байна хэмээн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Жонатан Першинг мэдэгджээ

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп цаг уурын өөрчлөлт бол хууран мэхлэлт гэж үзэж буйгаа хэлж байсан билээ. Тэрбээр сонгуулийн компанит ажлынхаа үеэр хэрэв сонгуульд ялбал уг гэрээнд АНУ орох асуудлыг цуцлах болно гэж амлаж байсан юм.

Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтыг хязгаарлах тухай уг гэрээг одоогоор 200 гаруй улс хүлээн зөвшөөрөөд байна. Гэрээний заалтуудыг олон улс орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тул Парисын гэрээ энэ сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Мароккод болж буй цаг уурын өөрчлөлтийн талаарх уулзалт дээр АНУ-ын тусгай элч Жонатан Першингийн хэлснээр ирэх өдрүүдэд Трампын баг Төрийн албанд ирэх бөгөөд ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын дипломат байдлын тулгуур, хэлбэр зэргийг төлөвлөж эхэлнэ гэжээ.

Аливаа гэрээ хэлэлцээрт хувь хүн болон улс орон ямар нөхцөлд тус гэрээнээс гарч болох тухай заалтууд орсон байдаг. “Харин энэ гэрээний хувьд цаг хугацаа шаардлагатай” гэж тэр хэлжээ. “Гэрээнээс гарахад гурван жил хүлээх хэрэгтэй бөгөөд үүний дараа мэдэгдэх болон үйлдэл хийхийн хооронд бараг нэг жил болдог. Энэ бол Парисын гэрээний үйл явц. Мэдээж улс гүрний хэмжээний асуудал учир тодорхой хэмжээний уян хатан зүйлс байгаа. АНУ-ын шинээр бүрдэж буй удирдлагын баг уг уян хатан байдлыг ашиглаж болох юм” гэжээ.

Шинэ удирдлага энэхүү асуудлыг өөр өнцгөөс илүү сайнаар хараад өөрсдийн бодлогын хүрээнд ямар арга замуудаар урагшлахаа шийдэж болох юм гэж Ж.Першинг хэлжээ. Энэ гэрээг хэрхэн авч үзэх талаарх АНУ-ын ирээдүйн байр суурийг урьдчилан хэлэх боломжгүй юм.

Харин Хятадын төлөөлөгч Си Зенхуа "Хятад улс уг гэрээг хүлээн зөвшөөрсөн хэвээрээ урагшлах болно. Үүнтэй адил үгсийг би Европын улс орнууд, Бразил, Мексик, Канад болон Коста-Рика, Колумб зэрэг жижиг улс орнуудаас ч сонслоо” гэжээ.

Парисын гэрээ 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн хууль ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү гэрээг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн 4 дүгээр сард Парист байгуулсан билээ. Хүлэмжийн хийн ялгарлын ихэнх нь газрын тос, нүүрс, байгалийн хий гэх мэт шатамхай түлшний ашиглалтаас үүсдэг билээ.

Уг гэрээг Хятад улс болон АНУ зэрэг улсууд бусад улс орнуудыг уриалан дэмжээд байсан юм. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах АНУ-ын зорилтуудыг Д.Трамп үл тоомсорлож магадгүй байна гэжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ