99 сумын эмнэлгийн машиныг шинэчлэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-15 12:40:42

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Төрийн ордонд болсон Улсын онцгой комиссын хуралдаанд оролцох үеэрээ, "Нормын хугацаа дууссан 99 сумын эмнэлгүүдийн машиныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна" хэмээв.

Эрүүл мэндийн сайдын багцад 2016 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд төсөв тусгагдаагүй тул хуучин автомашинуудаа засварлан өвөлжилтөд бэлтгэсэн байна. Нормын хугацаа дууссан дээрх 99 сумын эмнэлгийн машинаас эвдрээд зогссон машин 5 байгаа бөгөөд сумын бусад төсвийн байгууллагуудын автомашинаар тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Харин ирэх онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд 4.2 тэрбум төгрөг тусгагдсан тул худалдан авалтийг эрт зохион байгуулна гэдгээ салбарын сайд хэллээ.

Аймгуудын Эрүүл мэндийн газраас ирүүлсэн тайлан,  судалгаанаас үзэхэд энэ оны 11 сарын байдлаар ихэнх  аймгийн нутаг дэвсгэрийн бүх хэсэгт цасан бүрхүүл тогтож өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, нийт малчин иргэдийн нэлээд хувь нь отор нүүдэл хийж эхэлсэн байна.Отроор нүүдэллэж буй иргэдийн хувьд ихэвчлэн хаа өвөлжих нь тодорхой бус, эхнэр нь сургуулийн хүүхдээ харах, нөхөр нь хөдөө гэрээ харах, отроор явах гэхчлэн 2-3 хуваагдаад байгаа тул малчдын хувьд сэтгэлзүй, нөгөө талд эдийн засагт хүндрэл их гарч байгаа гэнэ. Нүүдэллэж буй иргэдэд хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, хөлдөлт, осголтоос хэрхэн сэргийлэх, болж өгвөл 0-5 насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явахгүй байх, хаана нүүдэллэж яваагаа мэдээлж байх тал дээр зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх постуудыг онцгой шаардлагатай газруудад гаргаж эмч, эмнэлгийн ажиллагсад ээлжлэн хуваарь гарган ажиллаж байгаа гэнэ.

Эрүүл мэндийн сайдын 2009 оны 388 дугаар тушаалын дагуу амин чухал эмийн 3 сарын нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа боловч салбарын хэмжээнд болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эм, эмнэлгийн хэрэгслийн тусгайлсан нөөц байхгүй байна. 18 аймгийн тайланг үзэхэд бүгд ямар нэг хэмжээгээр эмийн өртэй. Энэ сарын 10-ны байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа. Нийт дүнгээр нь авч үзвэл тус яам өвөлжилтийн бэлтгэлээ 85 хувьтай хангасан байна.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж УОК-оос ханиад, томууны дэгдэлтээс ард иргэд, бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, төвөөс алслагдмал газар өвөлжиж буй айл өрх, түүний дотор бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөцийг бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангахыг үүрэг болгов.

Б.Туул

 

Холбоотой мэдээ