Цасанд боогддог зам даваанд энэ өвөл шуурхай ажлын хэсэг гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-15 12:06:27

Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаанд оролцох үеэрээ замын засвар, арчлалтын өвөлжилтийн бэлтгэлийг 94.4 хувьтай хангаад байна хэмээн мэдээллээ.

Улсын хэмжээнд улсын чанартай нийт 32 чиглэлийн 12646.7 км авто зам, 278 ширхэг гүүрийг жилийн туршид ашиглалтын болон байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 компанитай Зам хариуцагчийн гэрээ байгуулан авто зам, гүүрийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа аж. Мөн зам, тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед ажиллах салбарын хэмжээний Мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч гаргажээ. Энэ хүрээнд цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах шуурхай ажлын хэсгийг энэ сарын нэгнээс 19 цэгт гарч ажиллаж эхлээд байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс 28 цэгт гарч ажиллуулах гэнэ.

Түүнчлэн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй тээврийн хэрэгслийг техникийн саатлаас унтарч зогссон тохиолдолд чирэх зориулалтын чирэгч, техникийн түргэн тусламжийн автомашиныг МУБИС-ийн орчим, Баруун 4 зам,Саппорагийн автобусны зогсоолд тогтмол бэлэн байлган ажиллуулах болжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр төмөр зам, агаарын тээвэр, усан тээвэр зэрэг хариуцсан салбарын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Төлөвлөгөөний биелэлт хангалттай байгаа гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын онцгой комиссоос цасанд боогддог зам, давааг байнгын нээлттэй, бэлэн байдалд  байлгах, шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох, иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед авах арга хэмжээний шуурхай байдлыг хангах үүрэг бүхий “Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл төлөвлөлтийг зохицуулах хороо”-г байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Б.Туул

Холбоотой мэдээ