“Дархан-Ус суваг”-ийнхан 50 жилийн ойн баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:05:35

Дархан хотыг ундны цэвэр усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг “Дархан-Ус суваг” ХК-ийн 50 жилийн ойн баярын хурал Дархан хотын “Залуучууд” театрт болов.

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, тус компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд, компанийн үе үеийн дарга, инженер техникийн ажилтнууд, ахмадууд, одоо ажиллаж байгаа ажиллагсад оролцлоо. Компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр товч илтгэл тавьж туулж өнгөрүүлсэн 50 жилийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж тайлагнав. Тэрбээр илтгэлдээ “Манай компани нь Дархан хотын 1200 гаруй үйлдвэр аж ахуйн газрууд, 11430 айл өрхийг цэвэр усаар хангаж бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулж гэр хорооллын 28 мянга гаруй хүн амд зөөврөөр 17 цэгт, сүлжээгээр 23 цэг, машинд ус ачих хоёр цэг нийт 42 ус түгээх цэгүүдээр дамжуулж түрээсийн хэлбэрээр үйлчилж байна” гэв.

Дараа нь компанийн шилдэг тэргүүний хүмүүст шагнал гардуулах ёслол болж Нийтийн аж ахуй үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 13, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр хоёр, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан”-наар 10, Засаг даргын жуухаар 6, МҮЭ-үүдийн холбооны хүндэт тэмдэгээр 7, Дархан сумын Засаг даргын жуухаар 9, Ажил олгогч эздийн холбооны шагналаар 10, НАМЗХ-ны “Алтан-од” шагналаар 6, “Дархан-Ус суваг” ХК-ийн “Хүндэт дэвтэр”-т 10, харилцагч байгууллагуудын шагналаар 30-аад хүнийг шагнаж урамшууллаа.

           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ