Таруугийн голын станцад насос шинээр суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-11 13:13:26

Архангай аймгийн ус суваг ашиглалтын “Ундарга” ХХК нь Цэцэрлэг хотын иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг цэвэр усаар хангадаг Таруугийн голын станцад шинэ насос суурилуулснаар 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 100 хувь хэрэгжүүллээ.

“Ундарга”- компаний инженер, техникийн ажилтан ажилчид усны түгээх байрыг засварлаж шалган, шугам сүлжээнд үзлэг хийж дулааллаа. 72 ба нэгдүгээр 36 айлын цэвэр усны оруулгыг шинэчлэх, бусад байруудын цэвэр усны оруулга болон худгуудыг дулаалж, усны төхөөрөмжийн ашиглалт, газардуулгыг шалгаж өвөлд бэлэн болгожээ. Худагт тагийг шинэчилснээс гадна цэвэр усны сангийн гадна шат хийж, гэр хорооллын худгуудыг айлуудад гэрээгээр хүлээлгэн өглөө.

Цагаан давааны 30-31 дүгээр гудамжны худгууд, бохир усны насос, сонины 12 дугаар байрын гаднах бохирын шугам хоолойг засварлах гэхчлэн 18 нэр төрлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Гэнэтийн осол гарахгүй л бол өвөлдөө алзахгүй гэж тус компаний ерөнхий инженер н.Ганболд хэллээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ