Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 250 гаруй сая төгрөгийн зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-10 00:46:52

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хяналтын хорооны гишүүд шинээр томилогдсон хэлтэс, агентлагийн дарга нарын ажилтай танилцах ажил үргэлжилж аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын ажилтай танилцав.

Иргэдэд үйлчлэх төрийн албаны соёлыг төлөвшүүлэх эрхэм зорилготой тус газар нь нийт 44 ажилтны бүтэц орон тоотойгоор ажиллаж байгааг хэлтсийн дарга н.Энхболд танилцуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймгийн засаг захиргааны анхаарлын төвд байдаг гэв. Түүний хэлснээр аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачлагаар Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн хуучин байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн төв” болгохоор шийдвэрлэж Засаг даргын нөөц сангаас 5,5 сая төгрөг, 2013-2016 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 30 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосноор тасралтгүй ажиллаж иржээ. Уг төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “Нөхөн сэргээх анги, “Сэтгэл шингэсэн үйл” ТББ, “Дохионы хэлний хэлмэрч оруулагчдын холбоо”-ны Дархан дахь салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгсэлүүдийг хөнгөлөлттэй үнээр борлуулдаг “Очирт тулга трейд” ХХК, “Насан туршийн боловсролын төв” байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Тус аймагт 4700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг нь нийт хүн амын 4,4 хувийг эзэлдэг. Тиймээс аймгийн удирдлагууд эдгээр иргэдийг анхааралдаа авч тэднийг нөхөн сэргээх эмчилгээ, сурч боловсрох орчин нөхцөлийг ийнхүү хөгжлийн төвөөрөө дамжуулан олгож байна.

Хөдөлмөр Халамж үйлчилгээний газар нь өнгөрсөн сард хийсэн онцлох ажлуудаа аймгийн удирдлагуудад танилцууллаа. “Нарны хүүхдүүд” асрамжийн газартай хамтарч Орхон, Хонгор, Шарын гол сумын зорилтот бүлгийн 150 хүүхдэд хувцас бэлэг гардуулсан бол зорилтот бүлгийн 50 хүүхдэд хүнсний хангамжийг сайжруулахад нэг жилийн хугацаанд сар бүр 20 мянган төгрөгийн хүнсний туслалцаа үзүүлэх эрхийн бичиг олгожээ.

Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжид 10 сая, иргэнд таван сая хүртэлх зээлийг олгож эхэлсэн. Цаашид 250 гаруй сая төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа ажээ.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ