2016 оны шилдэг сонгуулийн байгууллагад Монгол Улсыг нэр дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Олон улсын парламент судлалын төвийн 2016 оны Шилдэг сонгуулийн байгууллагад нэр дэвшиж, шилдэг гуравт тунаж үлджээ.
УИХ-ын 2016 оны Ээлжит сонгуулийг ажиглахаар гадаадын 43 орны 436 ажиглагч манай улсад ирсэн. Үүнээс хамгийн их ажиглагч ирүүлсэн нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ байсан юм. Элчин сайдаар удирдуулсан урт болон богино хугацааны ажилагчдын тус баг тайлангаа эцэслэн гаргасан бөгөөд ЕАБХАБ-ын ажиглагчдын тэргүүн хүрэлцэн ирж энэ сард багтаан Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулах болжээ.
Ажиглагчдын дүгнэлтээр УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг 98 хувийн амжилттай зохион байгуулсан гэжээ. Уг амжилтыг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороог Олон улсын парламент судлалын төвийн 2016 оны Шилдэг сонгуулийн байгууллагад нэр дэвшүүлж, шилдэг гуравт тунаж үлджээ.
Лондонд төвтэй Олон улсын парламент судлалын төвөөс бусад улс орнуудад зохион байгуулсан сонгуулийг зохион байгуулсан байгууллагуудыг шалгаруулан жил бүр оны дээд шагналаа олгодог. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулснаараа “Сонгогчдод ээлтэй шилдэг байгууллага”-аар шалгарч байжээ. Энэ удаад хоёр дахь удаагаа тодорхойлогдож байгаа юм.
Н.Гантуяа