"Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР"Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан намынхаа Гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд уг шаардлагадаа АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж байгаа төслүүдийг АН-ын вэб сайтад байршуулах, Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ хурлаар хэд хэдэн асуудлаар санал оруулж шийдвэрлүүлэх талаар тусгажээ. Тодруулбал ҮЗХ-ны хуралдаанаар Дүрмийн шинэчлэлийн хүрээнд АН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, хэлэлцүүлэх журмын төсөл, Намын их хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төсөл, төлөөлөгчдийг сонгох журмын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн "Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг ҮЗХ-гоор батлуулахыг шаардаж, энэхүү шаардлага нь АН-ын олон мянган энгийн гишүүдийг төлөөлж байгааг хэлж байв. Шаардлагын хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу ирүүлэхийг хүсч буйгаа илэрхийллээ.
Тус хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч С.Эрдэнэболд "АН-ын мянга мянган гишүүд намаа шинэчлэгдээсээ гэж хүсч байна. Байгуулагдсанаасаа хойш нийт 11 удаагийн бодлогын уулзалт хийхэд С.Эрдэнэ, Г.Батхүү нараас бусад намын даргад нэрээ дэвшүүлсэн бүх хүмүүс ирж оролцсон. Тэдгээр хүмүүстэй намын шинэчлэлийг хэрхэн харж байгааг ярилцаж, мэргэжлийн судлаачидтай уулзаж, хэд хэдэн сургалт явуулсан. Хоосон яриа биш тодорхой үзэл баримтлалд суурилсан шинэчлэл хийе гэж зорьж байна. АН үзэл санаагаа нэгтгэх цаг болсон. АН-ын хагаралд залуу үе нь цэг тавина. Тийм учраас нээлттэй байж, намын дүрмийг ил тод хэлэлцэхийг уриалж байна" гэсэн юм. Тэрбээр мөн АН-ын дотоод сонгууль ил тод явагддаг, улс төрийн институцын хувьд бодлогын суурьтай болж чадсан үед энэ хөдөлгөөн тарна гэдгийг хэлж байлаа.
"Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн" нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буюу энэ оны долдугаар сарын 17-нд байгуулагдсан. Тодруулбал сонгуульд ялагдал хүлээсний дараа тус намын шинэчлэлийн асуудлаар 160 гаруй залуу гишүүн, дэмжигчид оролцон хэлэлцүүлэг хийж, үүний үр дүнд дээрх хөдөлгөөнийг үүсгэсэн юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ