Сайд Н.Батцэрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-12 11:14:47

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж үйл ажиллагаатай нь танилцан мод тарилаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг сайд Н.Батцэрэгт хүрээлэнгийнхээ цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулж БОНХАЖЯ-тай хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон байна.

Мөн өдөр сайд Н.Батцэрэг Ой судалгаа хөгжлийн төвд яамныхаа ажилчидтай 8 төрлийн 700 мод тарьсан юм. Ой судалгаа хөгжлийн төв энэ онд 100,000 ширхэг бортог үйлдвэрлэж, түүндээ мөн тооны шинэсний бортогны үрсэлгээ хийжээ. Ой судалгаа хөгжлийн төв цаашдаа 140 төрлийн модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн болох 15 жилийн төлөвлөгөөгөө гарган, ажлаа өнгөрсөн оноос эхлүүлээд буй.

"Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон зорилт, үйл ажиллагааг нь өргөжүүлжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ