Цагдаагийн 200 алба хаагч нэмэлтээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-07 12:57:40

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногт 10 дугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод гарсан гэмт хэрэг, аюул ослын талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн байгууллагад 13 мянга 168 гэмт хэрэг зөрчлийн дуудлага ирсэн байна. Хоногт дунджаар 650 нь хэв журмын зөрчил, 250 нь зам тээврийн ослын дуудлага ирж байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд танилцуулаад, "Өнгөрсөн хугацаанд хүн амь, хүчин, дээрмийн хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ бусад буюу халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 200 албан хаагч нэмэлтээр ажиллуулж байна хэмээв.

Амралтын өдрүүдэд орсон цасны улмаас халтиргаа гулгаа нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Дархан болон Эрдэнэтийн Онцгой байдлын газраас Улаанбаатар руу зорчих чиглэлийн хөдөлгөөнийг түр хаасан байна. Харин нийслэлээс гарах зам, даваа хаагдаагүй гэдгийг НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд НЗДТ С.Батболд халтиргаа гулгаа болон зам, даваа боогдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн утааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулж ажиллахыг НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ