БУЛГАН: Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо.
Нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Гурванбулаг сумын удирдлагууд оролцож анхдагчдын нэг Ж.Гүррагчаа баатар болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бүрэлдэхүүнд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатрын амьдрал, замналтай салшгүй холбоотой юм. Тус анги нь 1970 онд Монголын Ардын Армийн сөнөөгч авиацийн эскадриль нэртэйгээр анхлан байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олонтоо шалгарч, төр засгийн шагнал хүртсэн байна.
Цэрэг хүний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайлал болсон Ж.Гүррагчаа баатар Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын байнгын онцгой комиссын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил албыг хашиж, цэргийн нисэх хүчин, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүн юм.