“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-06 10:05:29

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын  чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, орчны бохирдол зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй олон сорилтын энэ цаг үед энэхүү чуулга уулзалт болж байгаа нь нэн чухал ач холбогдолтой хэмээн тодотгоод, Монгол Улс цаашид ирээдүй хойчдоо ногоон Монгол орныг үлдээхийг зорьж байгаагаа хэллээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд өөр хоорондоо уялдаатай “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн“, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн 3 жилийн хугацаанд Монгол Улсын тарьц суулгацын нөөц 86 саяд хүрч, 84 сая модыг тарьж арчлан ургуулсан. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мянган га талбайд хийж, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалсан хэмээн онцоллоо.


Ерөнхийлөгч цааш хэлэхдээ, “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж, эдийн засаг, хүн амын амьжиргаа, өв соёл, ялангуяа уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчин ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улс “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жил” болгон зарлах тухай тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар батлуулсан. Мөн 2026 онд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж буй. Энэ хүрээнд Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” шүхэр санаачилгыг дэвшүүлсэн.


Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна. Бид бүхний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашлаад тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй байх юм" хэмээн тэмдэглэв.




Чуулга уулзалтад 11 улс орны 400 гаруй оролцогч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 40 гаруй нэр хүндтэй илтгэгчид оролцож байна. 


Тухайлбал, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, профессор Жи Вүк Шин, Унгар Улсын Ерөнхий сайдын Тамгын газрын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Питэр Силажи, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах албаны захирал Мурале Түммаркүди нар нээлтийн үг хэлэв.


Чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”, “Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”, “Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.






 

Холбоотой мэдээ