“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Үдээс өмнөх хуралдаанаар уг асуудлаар гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, үг хэлсэн юм. Харин үдээс хойш гишүүд тогтоолын төслийн талаар дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Энэ хөтөлбөрийг дэмжих боломжгүй. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг хөтөлбөр нэрээр оруулж ирээд УИХ-аар батлуулах гээд байна. Үнэхээр эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд “Эдийн засгийн онцгой дэглэмийн бодлого” баталж хэрэгжүүлэх ёстой. Орлогоо бодитоор нэмэгдүүлэх зэрэгт шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хөтөлбөрт гишүүдээс гаргаж байгаа бодитой, шинэ санал санаачилгыг оруулах хэрэгтэй. Тодорхой зорилт тавьж, төсвийн норм, сахилга батыг барих хэрэгтэй байна. Гол үндэс нь энэ гэж харж байгаа. Сайн хөтөлбөр баталсан ч төсвийн захирагч нар хариуцлага алдана. Төсвийн тухай хуульд эдгээрийг тусгах хэрэгтэй гэж үзэн, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэж чадвал энэ хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж чадна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Гаднаас авч байгаа хэрэглээний зүйлсээ дотооддоо хэрхэн хийх, иргэдийнхээ сэтгэлгээг сэргээх, оюун санааны хувьсгал хэрхэн явуулах талаар тусгасан хөтөлбөр оруулж ирнэ гэж бодсон. Гэвч шинэ содон, сэргэг зүйл юу ч үгүй, хуучинсаг, тусламж гуйсан хөтөлбөр болсон гэж харж байна. УИХ-ын чуулганы танхим хэлэлцүүлгийн биш хэрүүлийн танхим болж. Монголд бий болоод буй хямрал бол тархины тураал, доройтол нүүрлэснээс болж байна. Сэтгэлгээний хямралаас Оюуны хувьсгал хийж гаръя. Гуйлгачин сэтгэлгээг орхих цаг болсон. Мөн “Эрдэнэт”-ийн асуудлаар Ерөнхийлөгч, Монголбанкны өмнөх удирдлага, худалдаж авсан гэж байгаа хүмүүсийг бүгдийг нь ирүүлж байгаад нээлттэй хэлэлцүүлэг хийх санал гаргаад ажиллаж байгааг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хөрш орнуудтай хийж байгаа гадаад худалдааны балансыг хадгалах, Монгол Улсын дайран өнгөрдөг транзит тээврийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах гэх мэт хийж гүйцэтгэх олон ажил бий гэв.
Ингээд гишүүд байр сууриа хэлж дууссаны дараа санал хураалт явуулж хуралдаанд оролцсон 56 гишүүний 71.4 хувь нь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Н.Гантуяа