“Монгол дахь хөрөнгө оруулалтын өргөн боломж” сэдэвт хэлэлцүүлэгт Элчин сайд Т.Лхагвадорж илтгэл тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-04 14:00:41

Сингапурын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /IE Singapore/, Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон хоёр орны хувийн хэвшлийн төлөөлөгчид хамтран энэ сарын 3-ны өдөр “Монгол дахь хөрөнгө оруулалтын өргөн боломж” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Нийт 100 орчим хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид хуран цугласан тус хэлэлцүүлэгт Элчин сайд Т.Лхагвадорж “Монгол Улсын эдийн засаг, төрөөс хэрэгжүүлж буй бодлого” сэдвээр, APIP компанийн Бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежер Гэрэлсайхан “Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавьж, Монгол-Сингапурын хамтарсан Mindset коллежийн Гүйцэтгэх захирал Доктор Б.Галбадрах “Шинэ Батсүмбэр сум” төслийг танилцуулсан төдийгүй Mindset коллежийн  үүсгэн байгуулагч Чонг Фук Ен Монголд хийсэн хөрөнгө оруулалт, бизнесийн туршлагаасаа хуваалцав.

Илтгэлийн дараах нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид боловсрол, аялал жуулчлал, барилга, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж,  хүссэн асуултууддаа хариулт авсан юм. Мөн арга хэмжээний үеэр Төв аймгийн Батсүмбэр суман дахь Mindset коллежийн оюутнуудын урласан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа.

Холбоотой мэдээ