Гүний усны хэрэглээг бууруулахгүй бол Улаанбаатар хот 2020 онд усны хомсдолд орно
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар хот 2020 он гэхэд ундны усны хомсдолд орох магадлалтай гэдгийг өнөөдөр болсон “Монгол-Солонгосын усны салбарын бодлого болон хамтын ажиллагаа” семинарт оролцсон судлаачид онцлов.
Уг семинарыг хёр орны усны салбрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох зорилгоор БОАЖЯ, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулав.
Монгол Улс ундны ус, мал аж ахуй, үйлдвэр зэрэгт жилд дунджаар 600 км3 ус хэрэглэдэг байна. Үүний 80 хувийг гүний ус эзэлдэг гэсэн судалгааг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Ш.Мягмар илтгэлдээ дурьдав.
Гүний усны хэрэглээг бууруулахгүй бол Улаанбаатар хот 2020 онд усны хомсдолд орох магадлалтай байгааг БНСУ-ын “К-water” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ан Ген Хван хэллээ.
Тэрбээр, “Гүний усны хэрэглээг бууруулж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх нэг боломж нь “Туул” усан цогцолбор. Энэ усан цогцолборын ТЭЗҮ-г Монгол болон БНСУ хамтран боловсруулж байна. Уг цогцолбор бүрэн ашиглалтад орсон тохиолдолд Улаанбаатар хот ундны усанд санаа зовох шаардлагагүй болно. Цаашлаад саарал ус ашиглалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. БНСУ саарал усыг газар тариалангийн салбарт түлхүү ашигладаг. Энэ чиглэлээр манай улстай хамтран ажиллаж, туршлага судлах боломжтой” гэсэн санал хэллээ.
Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болох Туул голыг хамгаалах нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Туул голын бохирдолд Төв цэвэрлэх байгууламж голлох нөлөө үзүүлдэг. Ашиглалтад ороод 60 жил орчим болж буй уг байгууламж өдгөө хүчин чадлаасаа 2 дахин их ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх шаардлага үүсээд байгааг Туул голын сав газрын захиргаанаас танилцуулсан. Цаашдаа Туул голын сав газарт барилга барих, хайрга олборлох карьер байгуулах зөвшөөрөл олгохгүй байх чиглэлээр НЗДТГ, БОАЖЯ, БХБЯ-тай хамтран ажиллах шаардлагтай байгааг мэдээлэв.
Монгол Улс 2012 онд “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг баталсан. Уг хуулийн дагаж мөрдөх журмыг ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Уг журамд саарал ус ашиглах тухай бүхий л зохицуулалтыг тусгах болно гэсэн мэдээллийг БОАЖЯ-наас өгсөн.
Гадаадын улс орнууд цэвэрлэх байгууламж эсхүл ус бага бохирдуулдаг үйлвэрээс гарсан саарал усыг хүнд үйлдвэртээ ашигладаг. Үүний тулд үйлдвэрүүд нь хоорондоо ойр байрлаж, тусгай шугамаар холбогддог байна. Гэтэл Монголын томоохон үйлдвэрүүд бүгд хол зайтай тул гадаад орны туршлагыг нэвтрүүлэхэд бэрхшээл тулгардаг аж. Харин “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк” байгуулагдсан тохиолдолд Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг татах боломжтой бөгөөд одоогоор нарийвчилсан судалгаа явуулж амжаагүй байгаа юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ