Он гарснаас хойш 25 мянга гаруй иргэнд виз, визийн зөвшөөрөл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-19 16:12:51

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний дөрвөн сард 25582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авчээ.


Үүнээс 98.1 хувь буюу 25094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.


ГИХГ-ын мэдээлснээр виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа аж.


Одоогоор “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 улсын иргэнд дөрвөн ангиллын цахим виз олгож байгаа. Оны эхний дөрвөн сард Evisa.mn цахим системээр 19434 хүсэлт хүлээн авснаас 53 орны 16930 иргэнд цахим виз олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзав. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар багасжээ.


Цахим виз олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ 15135, Тайвань 710, БНЭУ 427, БНСУ 352, бусад улсын 306 иргэн байна.

Холбоотой мэдээ