“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд монгол, япон иргэд мод тарилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара япон иргэдийн хамтаар мод тарилаа.
Дэлхийн II дайны үед олзлогдон Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байсан япончуудын дурсгалд зориулан “Сакүра” гэр музейг тус цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан юм.
Япон цэргүүд 1945-1947 онд Улаанбаатар хотод зам, гүүр тавихад оролцож, Их тэнгэр дэх харшийн барилга, Сонгины амралт, Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, түүний хойдох 72 айлын орон сууц буюу арктай байшин, МУИС, Дуурийн театр зэрэг барилгыг барилцсаныг гэр музей дэх гэрэл зургууд харуулж байлаа.
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 2012 онд “Сакүра” гэр музейг байгуулсан юм.
"Сакүра" гэр музейг санаачилсан С.Өлзийтогтох хэлэхдээ, “Япон хүмүүсийн бүтээн байгуулалцсан барилга, гүүр, замын дийлэнх нь одоо ч байсаар байна. Тухайн үеийн үйл явдалд оролцож байсан хүмүүсийн ярилцлагыг товч байдлаар музейдээ тавьж байгаа. Тухайлбал, Ноён Сайто гуай 1945 оны 12 дугаар сард Монголд ирж, Улаанбаатар хотын авто засварын заводод ажиллаж байжээ. Тэрээр 1947 оны 11 сарын 19-нд бусад нөхдийн хамт эх орон руугаа буцсан тухайгаа надад ярьж байсан юм” гэв.
Өдгөө 103 настай ахмад дайчин Г.Чогсомжав гуай Сэлэнгэ
аймгийн Зүүнхараа сумаас энэхүү өдөрлөгийг зорин иржээ. Тэрээр тухайн үед Дотоод
явдлын яамны 9 дүгээр хэлтсийн харьяа Хамгаалах хороонд алба хаан, Японы
олзлогдогсдыг харгалзаж байсан түүхээ хуваалцахдаа, “Япончууд мод бэлтгэх, барилгын
суурийн шороо ухах, чулуу бутлах зэрэг ажил хийдэг байсан. Тэд бүгд өвлийн хувцасгүй, зуны хувьцастай ирцгээсэн байсан. Халуун дулаан орны хүмүүс учраас Монголд ирээд хүйтэн байна гэж хэлдэг байсан” хэмээн хуучлав.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара ярихдаа, “Энэхүү сайхан үйл ажиллагаанд оролцох завшаан тохиосонд туйлын их баяртай байна. Ахмад дайчин Г.Чогсомжав гуай бидэнд, тухайн цаг үеийн нөхцөл байдал, япон хүнтэй ажиллах ямар байсан талаар дурслаа. Энэхүү музейг олон хүн үзэж сонирхон Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцсон япон хүмүүсийг санан дурсаж яваасай хэмээн хүсэж байна” хэмээв.