Р.Дутерте: АНУ-ын гаргасан шийдвэр бидэнд нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-03 15:23:53

МАНИЛА./Prensa Latina/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнөөдөр үг хэлэхдээ "Филиппиний цагдаагийн хүчинд  буу зэвсэг нийлүүлэхээ зогсоох талаар АНУ-ын гаргасан шийдвэр нь бидэнд төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй" гэж мэдэгджээ.

Учир нь Филиппин улс ОХУ болон Хятадаас зэвсэг худалдан авах боломжтой аж. 

Дутерте-гийн хийсэн мэдэгдлийг Филиппиний өдөр тутмын “Inquirer” сонинд нийтэлсэн байна. АНУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ, Филиппинд гарсаар буй хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийн хариуд уг шийдвэрийг гаргасан гэж хэлж байгаа боловч шинжээчдийн үзэж байгаагаар, хоёр улсын харилцааны өнөөгийн байдлаас үүдэн ийм шийдвэр гаргасан ажээ.

АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь тогтоон барих боломжгүй хэмжээнд хүрээд байна гэж Дутерте үзэж байгаа бөгөөд энэ нь түүний ОХУ, Хятад зэрэг их гүрнүүдээс тусламж хүсэх шалтгаан болсон ажээ. Филиппин улс бол тусгаар тогтносон улс бөгөөд бидэнтэй колони улс мэт харьцах нь зохисгүй гэж Дутерте анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ АНУ, НҮБ, ЕХ болон хүмүүнлэгийн байгууллагууд Филиппиний цагдаа нар Дутерте-гийн явуулж буй хар тамхины эсрэг дайнд оролцож байгааг буруушааж байгаа юм. Уг ажиллагааны улмаас 5000 орчим хүн амиа алдаад байна.

Харин Филиппиний Ерөнхийлөгч уг ажиллагааг зөвтгөн хэлэхдээ, мансууруулах бодисын хэрэглээ болон наймаа нь тус улсад үндэсний хэмжээний ноцтой асуудал болон хувирч, нийгмийн бүх салбарт тархсан гэдгийг онцолжээ.

Х.Сарнай 

 

 

 

Холбоотой мэдээ