Пак Гын Хэгийн туслах байсан Ан Жон Бом-ыг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-03 15:10:41

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн туслахаар ажиллаж байсан хүнийг өчигдөр орой прокурорын газраас саатуулсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулахад хүргэж болзошгүй улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Ан Жон Бом-ыг саатуулжээ. Үүний өмнөхөн ерөнхийлөгчийн өөр нэгэн туслахыг саатуулсан аж.

Ан Жон Бом болон Пакийн эртний анд найз болох Чой Сүн Сил нар Ерөнхийлөгчтэй ойр дотно харьцаатай гэдгээрээ далимдуулан Ерөнийлөгчийн тамгын газрын шууд бус оролцоотойгоор байгуулагдсан хоёр санд мөнгө хандивлахыг корпорациудаас шаарддаг байжээ. Үүнтэй холбогдуулан Чой овогт эмэгтэйг даваа гарагт саатуулсан билээ.

Ан овогт өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “би өөрийн хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно” гэж хэлээд илүү дэлгэрэнгүй зүйл ярьсангүй.

Нотлох баримтуудыг устгаж болзошгүй гэж үзэн түүнийг саатуулсан гэж прокурорууд мэдэгдсэн байна.

Олон нийтийн уур бухимдлыг ихэд хүргэснээр Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцроход хүргэж ч магадгүй энэ дуулиан шуугиантай холбоотойгоор мөн хэд хэдэн банкинд нэгжлэг хийсэн ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ