Хятадад завь хөмөрсний улмаас 10 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-05 17:25:36

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 5 /BBC/. Хятадын баруун өмнөд нутагт ням гарагт хүчтэй салхилсны улмаас жуулчдын дөрвөн завь хөмөрч, 10 хүн амиа алдаж, 70 хүн эмнэлэгт хүргэгджээ.


Гэнэтийн хүчтэй салхины улмаас Гуйжоу хотын Чянши хотын голд завинууд хөмөрч, 84 хүн усанд унасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Сураггүй болсон нэг хүний ​​цогцсыг өнөөдөр олсноор амиа алдсан хүмүүсийн тоо 10-т хүрчээ. Хятадын аялал жуулчлалын оргил үе болох хөдөлмөрчдийн баярын долоо хоногийн амралтын сүүлээр уг осол гарсан байна. 


БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг уриалжээ. Түүнчлэн сүүлийн үед үүнтэй төстэй ослууд гарсныг тэрбээр дурдаад, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг чангатгахын ач холбогдлыг онцолсныг тус улсын хэвлэлүүд уламжилсан байна. Мөн Хятадын эрх баригчдад аялал жуулчлалын оргил үе тохиож байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлын арга хэмжээг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.


Хятадын Хунань мужид зорчигч тээврийн завь үйлдвэрийн хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 11 хүн амиа алдсанаас хойш хоёр сарын дараа дээрх осол гарсан байна. Мөн саяхан зүүн нутгийн Сүжөү хотод шинээр нээгдсэн цэцэрлэгт хүрээлэнд аяллын нисдэг тэрэг осолдсоны улмаас нэг хүн амиа алдаж, бүхээгт байсан дөрвөн хүн бэртжээ.

Холбоотой мэдээ