Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас санаачлан Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё” уриалга гаргалаа.
Үүнтэйгээ уялдуулан нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглох, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Нэг санаачлага- Нэг ажил” үндэсний аяныг 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд орон даяар зохион байгуулж байна.
Тус аяныг Хэнтий аймагт, аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулж, төрийн болон төрийн бус 103 байгууллагад удирдамж хөтөлбөрийг хүргүүлэн ажиллаж байна.
Аяны хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Аймгийн Цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Баян-Адрага, Биндэр, Гурванбаян, Өмнөдэлгэр сумдад ажиллаж, “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, Хүүхэд хамгааллын хууль, “Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. Мөн дээрх сумдууд болон Хэрлэн сумын 12 цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын бодлоготой танилцаж, хяналт үнэлгээ хийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.
Энэхүү аяны хүрээнд Хэрлэн сумын зорилтот өрхийн гишүүдэд “Гэр бүлийн харилцаа” сэдвээр цогц сургалт, нөлөөллийн ажил, хоёр байгууллагын хамтарсан өдөрлөг зэргийг зохион байгуулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөгөөндөө тусгажээ.
Хэнтий Д.Одонтунгалаг