Говийн сумын сургуулийнхан тохитой байранд хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-29 18:37:02

“Эрчим хүчний үр ашиг” төслийн үр шимээр Завханы Дөрвөлжин сумын хүүхдүүд дулаан байранд хичээллэхээр боллоо.

Энэ жил Завхан аймгийн хэмжээнд Эрчим хүчний үр ашиг төслөөс санхүүжүүлэн ерөнхий боловсролын гурван сургуулийн дулаан алдагдлыг бууруулах бүрэн засварын ажил хийгдэж байгаагийн нэг нь дээрх сумын сургууль юм. 160 хүүхдийн заалтай сургуулийн байрыг сум хөгжүүлэх сан болон Эрчим хүчний үр ашиг төслийн 260  сая төгрөгийн санхүүжилтээр  орон нутгийн Жавхлант тур компани засаж шинэчилжээ. Тус сургууль өмнө нь өвөлдөө дунджаар 10 хэм орчмын дулаантай хүүхдүүд дээлтэйгээ сууж хичээллэдэг байсан бол уг төсөл хэрэгжиж, олон улсын барилгын технологи, стандартын дагуу дулаалга хийж сайжруулснаар гадаах цаг уурын нөхцөл байдлаас үл хамаарч өвлийн нөхцөлд дулаан нь тогтмол 22 хэм болж тогтворжсон аж. 

Ийнхүү Дөрвөлжин сумын бүрэн дунд сургуулийн бяцхан сурагчид тохитой, дулаахан хичээлийн байранд суралцах бүрэн боломжтой боллоо. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ