БУЛГАН: Волейболын улсын аваргын тэмцээнд Ноён клубийн хөвгүүд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-04-07 13:59:08

Булган 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Булган аймагт хөвгүүдийн өсвөрийн 2025 оны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 7 өдөр үргэлжилсэн бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгаас 65 багийн 800 гаруй тамирчин хөвгүүд, 100 гаруй багш, дасгалжуулагчидтайгаа ирж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 

2025 оны улсын аваргаар Ноён спорт клуб, мөнгөн медалийг Дархан политехникийн коллеж, хүрэл медалийг Ганзам 20-р сургуулийн баг тамирчид тус тус хүртэж шилдгүүд тодорлоо.


Шагналыг Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, ЗДТГ-ын дарга Д.Наранбаяр, Биеийн тамир Спортын газрын дарга Х.Батхишиг, Монголын Волейболын залуучуудын холбооны тэргүүн Ч.Отгонбаяр, Булган аймгийн Волейболын холбооны тэргүүн Б.Батсүх, Булган аймгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Спортын мастер А.Ханддорж, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал нар гардууллаа.


Тэргүүн байрыг Р.Тамираа ахлах дасгалжуулагчтай, Д.Арьяабал ахлагчтай Ноён спорт клуб, дэд байрыг Ө.Баярсайхан ахлах дасгалжуулагчтай, Д.Гүнбилэг ахлагчтай Дархан ПТК, гутгаар байрыг Б.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай , Г.Сүлд ахлагчтай Ганзам 20-р сургууль


Шилдэг холбогч- Б.Тэмүүлэн “Ганзам 20-р сургууль

Шилдэг хамгаалагч-Г.Мөнх-Оргил Дархан ПТК

Шилдэг довтлогч- Д.Гүнбилэг Дархан ПТК

Шилдэг хаагч- Т.Гантулга Ганзам 20-р сургууль

Шилдэг давуулагч-Д.Арьяабал Ноён спорт клуб

Шилдэг тэгш тоглогч- Н.Амарбаясгалан Ноён спорт клуб

Шилдэг дасгалжуулагч- Ноён спорт клубийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Р.Тамираа

Шилдэг шүүгчээр Н.Эрдэнэ-Очир нар шалгарлаа. 


Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Волейболын холбоо, Булган аймгийн Волейболын холбоо, Булган аймгийн ЗДТГ, Биеийн тамир Спортын газар хамтран зохион байгууллаа.


Булган аймгийн Биеийн тамир свортын газрын дарга Х.Батхишиг, "Монгол Улсад гар бөмбөгийн спорт тэр тусмаа багийн спорт маш их хөгжсөн байна. Өрсөлдөж буй багууд жигд, ур чадвар нь өссөн олон сайн тамирчин оролцож байгаад баяртай байна".


Булган аймгийн волейболын холбооны тэргүүн Б.Батсүх: "Булган аймгийн волейболын холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш улсын чанартай 3 дахь тэмцээнээ зохион байгуулж байна. 2014 онд Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. 2019 онд Насанд хүрэгчдийн улсын аваргыг, 2025 онд Өсвөрийн улсын аваргыг Булган аймагт зохион байгуулж байна".

  

2025 оны өсвөрийн хөвгүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангасан Ганзам 20-р сургуулийн ахлах дасгалжуулагч Спортын мастер Б.Мөнхбаяр, "Волейболын түүхтэй сургуульд багшилсан 10 жилийнхээ ой дээр, 8 жил бэлдсэн гарынхаа шавь нараар улсын аваргаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байна" гэв.

  





Холбоотой мэдээ