Худалдаачид 2-3 сар болж байж шинэ бараа татдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-28 16:45:03

Сүхбаатар аймгийн томоохон худалдааны төвүүдэд наймаа эрхэлдэг худалдаачид бараа бүтээгдэхүүний борлуулалт муу байгаагаас болж 2-3 сар болж байж нэг удаа шинэ бараа татах болжээ. Өмнө нь сар бүр бараагаа шинээр авчирдаг байсан бол сүүлийн 2-3 жилд энэ байдал нь огт үгүй болжээ.

Иргэдийн дийлэнх хувь нь зээлээс зээлийн хооронд амьдарч, цалингаасаа үлдсэн хэдэн төгрөгөө хүнсэндээ зарцуулаад дуусдаг. Шаардлагагүй бол хувцас хунар, эд бараанууд худалдан авахаа больсон. Бараагаа эргэлтэд оруулахын тулд зарах ёстой үнээсээ хэдэн хувиар доош өгөх тохиолдол их гарч байна. Ер нь иргэдийн худалдан авалт сүүлийн жилүүдэд эрс муудсан гэдгийг худалдаа эрхлэгч иргэн С. Бумууцогзол, С. Сувдаа нар хэлж байна. Бусад худалдаачид ч мөн үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж байв.

Бараа борлуулалт муу байгаагаас наймаагаа зогсоох, ямар ч ашиггүй болж татан буух байдал нэмэгдсээр байна. Сүхбаатар аймгийн нийтийн худалдааны гурван төв бий. эдгээр төвд цоожтой хаалганы тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, зарим худалдааны төвүүдийн хувьд түрээслэгчдээ дэмжих чиглэлээр талбайгаа үнэгүй ашиглуулах хэлбэрт хүртэл шилжжээ. Жишээлбэл,  1000  нэрийн барааны "Дээж" худалдааны төв 3-р давхраа тэр чигээр нь нэг жилийн хугацаанд үнэгүй ашиглуулах болсон байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ