Н.Бурмаа: Чадвартай, ёс зүйн зөв хандлагатай боловсон хүчин бэлдсэнээр төрийн үйл хэрэг амжилттай үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цогц чадамжтай, харилцаа, ёс зүйн зөв хандлагатай боловсон хүчнийг бэлтгэснээр төрийн үйл хэрэг амжилттай үргэлжлэхийг “Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага” үндэсний зөвлөгөөний үеэр хэлэлцлээ.
МУИС-ийн Улс төр
судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимээс жил бүр зохион
байгуулдаг тус зөвлөгөөн олон улсын болон үндэсний хэмжээнд төрийн
удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг институт, их дээд сургуулиудийн
хамтарсан судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. “NUM Leadership” олон улсын эрдэм шинжилгээний хурлын
бэлтгэл ажлын хүрээнд жил бүрийн 10 дугаар сард үндэсний зөвлөгөөн хийж, төрийн
удирдлагын чиглэлийн эрдэмтэн судлаач, эксперт, төрийн албан хаагчид ололт
амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн,
санал бодлоо хуваалцдаг уламжлалтай.
Монгол Улсын гавьяат
багш, МУИС-ийн профессор Др Н.Бурмаа ярихдаа, ”Манай тэнхим 2011 оноос хойш олон
улсын хурал зохион байгуулж байна. Төрийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг байгууллагын
төлөөлөл цуглан онол, практикыг холбон, хэрхэн хамтран ажиллах тухай ярилцаж
байна. Үр дүнд нь төрийн удирдлагын үйл ажиллагаа ирээдүйн чиг
хандлагад ямар хувь нэмэр оруулах, яаж хамтарч ажиллах талаар эрдэмтэн судлаач,
төрийн албан хаагчдын нэгдсэн санал гарах байх. Бид гадаадын байгууллагуудтай
маш сайн хамтарч ажилладаг. Харин одоо дотооддоо хамтын ажиллагаагаа сайжруулах
шаардлагатай байгааг хөндөж байна. Мөн аливаа үйл ажиллагааны гол
цөм нь боловсон хүчин байдаг тул төрийн албаны хүний нөөцөд түлхүү анхаарч
байгаа”-г хэлж байлаа.
Арав дахь
удаагийн үндэсний зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл,
Удирдлагын академи, Монголын математикийн холбоо, ШУА-ийн Философийн хүрээлэн, төрийн
удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Дотоод
хэргийн их сургууль, МУБИС, ШУТИС, Отгон тэнгэр их сургуулийн эрдэмтэн багш,
судлаачид оролцов.
Нийтийн
удирдлагын тэнхимийн эрдэмтэн багш нар төрийн удирдлагын чиглэлээр сурах бичиг,
гарын авлагыг нэлээд гаргасан байна. Тодруулбал, “Нийтийн удирдлагын үндэс”
сурах бичгийг 2016 онд, “Хөрөнгө оруулалт” сурах бичгийг 2017 онд, “Төрийн
албан хөөгчийн ёс зүй” арын авлагыг 2019 онд, “Төр, хувийн хэвшлийн түншлэл”
номыг 2020 онд, “Нийтийн салбарын стратегийн удирдлага” сурах бичгийг 2021 онд,
“Менежментийн шинжлэх ухааны нэр томъёоны тайлбар толийг 2022 онд, “21 дүгээр
зууны боловсролын сургалт” бүтээлийг 2021 онд, Захиргааны шинжлэх ухааны нэр
томъёоны тайлбар толийг 2022 онд, Төрийн албаны хүний нөөц удирдлага номыг 2022
онд, Төрийн албан хаагчийн ширээний ном I-VII хэвлэлтийг 2017-2023 онд, “Төрийн удирдлага”
сурах бичгийг 2023 онд, Захиргааны шинжлэх ухааны нэр томъёоны тайлбар толийг
2024 онд хэвлүүлжээ.