ӨВӨРХАНГАЙ: Команд штабын сургуульд мал эмнэлгийн 49 албан хаагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Мал
эмнэлгийн ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг өнөөдөр
эхлүүллээ.
Гурван өдөр үргэлжлэх тус арга хэмжээ нь мал эмнэлгийн байгууллагын удирдлага, мэргэжлийн анги, алба хаагчдын бэлэн байдлыг үнэлэх, гамшгийн нөхцөлд ажиллах чадварыг сайжруулах зорилгоор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Аймгийн Онцгой байдлын газраас “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өглөөний 04:00 цагт өгч, Мал эмнэлгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчид яаралтай цугларснаар аранз, багаж хэрэгсэл, машин техникийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. Мөн малын гоц халдварт өвчлөл болон байгалийн гамшгаар цагийн байдал өгч ажиллав.
Гамшгаас хамгаалах мал эмнэлгийн алба нь мэргэжлийн дөрвөн бүлэг, 21 албан хаагчтайгаар сургуульд оролцож байна. Дууриалган үзүүлэх дадлага сургуульд Мал эмнэлгийн газар болон Нарийнтээл сум дахь Хорио цээрийн хяналтын цэг, 19 сумын Мал эмнэлгийн тасгийн нийт 49 ажилтан, албан хаагч оролцож байна.










