БУЛГАН: Түүх соёлын олон дурсгалтай Хөгнө хан уул
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт далайн түвшнээс дээш 1962 метр өндөрт орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой түүх соёлын дурсгал бүхий Хөгнө хан уул бий.
Хөгнө хан уул нь ой тайга, тал хээрийн ургамал
бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй
км алслагдсан хэрнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ойтойгоос гадна
яргай, яшил, буйлс, гүйлс, балгана, тавилгана, харгана гэх мэт бут сөөг ургаж, тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хөгнө хан ууланд Рашааны, Хийдийн,
Худгийн, Бяцхан булгийн, Цэцэрлэгийн, Ханхарын, Самарт, Баялаг гэх мэт
үзэсгэлэнт сайхан амуудтай.
Өвгөн залуу хийдийн туурь, Мойлтын амны хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, Ямаатын цагаан хөтлийн янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн боржин чулуун хөшөө, Маанийн хадны маани үсэг, Ташуугийн өвөлжөөний олон тооны булш гэх мэт түүх соёлын дурсгалуудтай.
Хөгнө хан уулыг эрт дээр үеэс шүтэж ирсэн бөгөөд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай.
Усан
болор, утаат болор, хар цагаан гялтгануур гэх мэт ашигт малтмалтай. 1997
онд Хөгнө хан уулын 470 км.кв газрыг байгалийн нөөц газар болгосныг 2003 онд
өргөжүүлж 844 км.кв болгожээ.
Хөгнө хан уулыг их догшин хайрхан хэмээн эртнээс нааш хүндэтгэн тахиж ирсэн бөгөөд уулаас мод огтолж, чулууг нь хөдөлгөхийг цээрлэдэг байжээ. Хайрхны оройн тагт дээрх жижиг нууранд алтан загас бий хэмээн нутгийнхан домог ярьдаг.
Уулын энгэрт орших Хадагт хошуу хэмээх газрын хажуугаар гарсан хүн заавал зогсож унаанаас буун мэндэлж идээ ундааны дээж өргөдөг уламжлалтай. Уулын дунд хавьцаа урд энгэрт баруун урагш харсан, зөвхөн баруун урдаасаа хөтлөөр давж орох боломжтой, рашаан ус бүхий нуугдмал хадан уулстай үзэсгэлэнт сайхан хөндийд хоёр хийдийн туурь бий.
Өвгөн ба залуу хийд гэх бөгөөд эх сурвалжуудад Хөгнө тарнын хийд ч гэдэг. Тус хоёр хийдийг 1994 онд сэргээн засварласан бөгөөд эдүгээ Эрдэнэ хамбын хийд хэмээн нэрлэх болжээ. Хадан дунд нь ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашаан ундаргатай.