“Ирвэс амгалан бол уулс амгалан” хүүхдийн наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-25 09:52:07

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) Олон улсын ирвэс хамгаалах өдрийг угтан “Ирвэс амгалан бол уулс амгалан” хүүхдийн наадмыг энэ сарын 22-ны өдөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Уг фестивальд Ховд аймгийн Манхан сумын “Бадрангуй” баг, Дарви сумын “Цог золбоотой цоохор ирвэс” баг, Чандмань сумын “Цаст ууланд цоохортох зэрэглээ” баг, Увс аймгийн Ховд сумын “Асгат уулын ирвэсүүд” баг, Түргэн сумын “Ирвэс” баг, Сагил сумын “Цагаан & Оргил” баг,  Бөх мөрөн сумын “Гүемхэнүүд” баг,  Баян-Өлгий аймгийн хоёрдугаар сургуулийн  “Алтайн сүнс” багууд оролцсон юм.

Хүүхдийн наадмыг Цоохор ирвэсний талаарх ард иргэд, хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, урлаг уран сайхны аргаар ирвэсийн биологи, экологийн онцлог, экосистемд гүйцэтгэх үүргийн талаар олон нийтэд ойлгуулах, нутаг орны чимэг, нэрийн хуудас болсон ирвэсээрээ бахархах, хайрлан хамгаалах сэдэл тэмүүллийг төрүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

“Эх нутагтаа айх аюулгүй эзэн нь болж амьдарцгаая”, “Ухаант түмний хайр энэрлээр сүрлэг  уулсаа чимэглэн явцгаая” гэсэн уриатай энэхүү урлагийн наадмаар Хүүхдүүд ирвэсэнд зориулан дуу зохион дуулж, ирвэсийг хамгаалах сэдэлтэй жүжигчилсэн тоглолт үзүүлж, ирвэс гүемийн дүрд орж бүжиг бүжиглэж сонирхууллаа.

Бас ирвэсний түүх бичих, макет, гар зургийн уралдаан зэргээр өрсөлдөж, ирвэсний зулзага ”Гүем, хүүхэд хоёрын хүсэл нэг“ хэмээн ирвэс хамгаалах үйлсийг хүүхдүүд чин сэтгэлээсээ дэмжиж оролцлоо.

Хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн, бичсэн түүх, макет, нүүр будалт, эрээн цоохор хувцас  жигдрэлт нь энэ урлагийн наадамд өндөр ач холбогдол өгч, өөрсдийн сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ гарган оролцож буйг нь тодруулж байлаа. Түүнчлэн Ирвэсийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэж буй 12 орны нэгэн дуу хоолой нь баруун Монголын хүүхдүүд гэдгийг  харуулж чадлаа.

Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс бий гэсэн тоо баримт бий. Үүнээс 1200 орчим цоохор ирвэс Монгол орны говь, хээрийн нутгаар тархсан байдаг ажээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ