Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 23 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-10 15:22:33

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлалын долоо хоног 2025”-ыг “Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал” чуулганаар эхлүүллээ. 


Аялал жуулчлалын нэгдсэн холбооноос салбарын уялдаа холбоог хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус чуулганаар салбарын тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг хэлэлцэж байгаа юм. Оролцогчид аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн өсөлт, хөгжилд маш чухал нөлөөтэй тул тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд шилжилт, шинэчлэлийг тогтмол хийж, салбар дундын мэдээллийг шуурхай хүргэх нь чухлыг онцолж байлаа. 


Аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд тэг зогсож, 1.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнөөдөр  орлогоо 65 хувиар нэмэгдүүлээд байгаа. Тодруулбал, энэ салбар 2023 онд 1.2 тэрбум ам.долларын орлого олсон бол өнгөрсөн онд 808 956 жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлогыг улсынхаа эдийн засагт төвлөрүүлжээ.




Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хэлэхдээ, "Аялал жуулчлалын салбарын орлогыг 2022 оныхтой харьцуулахад 2.8 дахин нэмэгдсэн. Бид өнгөрсөн онд “trip.com” -той хамтын ажиллагаагаа эхлүүлж, олон улсын хэрэглэгчдэд нислэг захиалга, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг шууд худалдан авах боломжийг нээсэн. Мөн жуулчдын тээвэрлэлтийн даацыг нэмэх зорилгоор зарим оронтой агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, нислэгийн зөвшөөрөл авах ажлыг эрчимтэй өрнүүлсэн. Ингэснээр давхардсан тоогоор 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн. Түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2 сая гаруй зорчигч тээвэрлэлээ. Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын 47 хувь нь эко болон адал явдалт аяллыг сонирхдог. Дэлхий нийтэд ганцаарчилсан аялал тренд болж байгаа. Бид эдгээр аяллыг олон улсын зах зээлийн жишгээр хөгжүүлэх нь чухал юм. Мөн хиймэл оюун өргөн цар хүрээтэй хөгжиж буй энэ үед чатбот зэрэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зүйтэй " гэлээ.


Өвлийн аялал жуулчлалын талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл ярихдаа, "Манай улс эрс тэс уур амьсгалтай. Зөвхөн зун гэлтгүй жилийн турш тогтвортой аялж зугаалах боломж бий. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд 33 462 жуулчин ирсэн. Анх удаа ийм тооны жуулчин хүлээн авсан нь өвлийн аялал жуулчлал сэргэж байгааг харуулж байна. Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, хөрөнгө оруулалтаа сайжруулах, хүний нөөцөө бэлтгэх ажлыг шат дараатай хийх шаардлагатай. Энэ салбарт тулгамдаж буй нэг асуудал нь дотоодын нислэг буюу үндэсний тээвэрлэгч компаниудын хүчин чадал байдаг. Манай улс өргөн уудам нутагтай учраас зарим газарт онгоц нисэхээс өөр аргагүй болдог. Гэтэл нислэгийн үнэ өртөг их байдаг нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөхөд хүндрэл учруулдаг" хэмээв. 


Монгол Улс 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, төвийн бүсийг хөдөө аж ахуй төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлал төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс  болгож хөгжүүлэх юм.


“Аялал жуулчлалын долоо хоног-2025” үйл ажиллагаанд салбарын 600 гаруй аж ахуй нэгжийн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэд энэ долоо хоногийн турш аялал жуулчлалын стратеги, дэд бүтэц, байршуулах үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. 






Холбоотой мэдээ