Хүүхдүүд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-10-22 18:05:21

Завхан аймагт “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр мэтгэлцээн боллоо.

Завханы Хөдөлмөрийн хэлтсээс “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь” аяныг аймагтаа зарлаж  “Сургуулийн орчин дахь ахлах ангийн хүүхдүүдийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалт, “Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье” сэдэвт мэтгэлцээнийг гурван сургууль дээр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЧЭҮЛС, Жавхлант цогцолбор, Дэвшил сургуулиудын 210 сурагч, сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнууд хамрагджээ. Энэ үеэр хүүхдийн хөдөлмөрийг багасгах, тэвчишгүй хөдөлмөрийг устгах үйл ажиллагааг зорилтот бүлэгт чиглүүлэхэд анхаарч, цаашид хамтран ажиллах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хандах олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг зөв төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгоор насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, насанд хүрээгүй хүний хийж болох ажлуудыг сурталчилсан мэдээллийн самбарыг сургууль бүрт ажиллуулан “Аюулгүй сургууль” болох уриалгыг гурван сургууль гаргалаа.

Цаашид сургалт мэтгэлцээнд бусдыгаа хошуучлан оролцсон сурагч багш нар “Мэдээллийн самбар”-аа шинэчлэн сургуулийн орчинд энэ талын мэдээллийг нийтэд хүргэж байх үүрэг авлаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ