Н.Нямцэцэг: Үндэсний онцлогтой, хэдийд ч өмсөхөд тохиромжтой загвар гаргахад цаг хугацаа их шаардана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-22 17:32:47

Урлах эрдмийн дээд сургуулийн Хувцасны дизайн зохион бүтээлтийн тэнхимийн эрхлэгч Н.Нямцэцэгтэй Баруун бүсийн гоёл 2016 наадмын үеэр уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу. Та сайн явж байна уу? Завхан аймагт болж байгаа Баруун бүсийн гоёл 2016 наадмын онцлог юу вэ?

-Мэдээж энэ наадам бол орон нутагт загварын чиг хандлагыг тодорхойлж иргэдэд бүтээгдэхүүнээ сурталчлах том боломж юм. Хүн бүр л манай нутаг түүхий эдээс эхлээд бүхий л зүйлээсээ хол, хүн ам цөөн, үйлдвэрлэл хөгжихөд их хэцүү, ихэнх нь хот суурин газар луу явчихсан гэх зэргээр аливаа зүйлийг сөрөг талаас нь харах юм бол олон зүйл хөгжихгүй шүү дээ. Гэхдээ тэр бүх болохгүй зүйлсийг бодоод л зүгээр суугаад байж бас болохгүй юм. Тиймээс манай уран гарт оёдолчид загвар зохион бүтээгчид хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан өөрийн бүтээлийг туурвиж олон нийтэд үзүүлж чадаж байгаа нь энэ наадмын онцлог юм. Түүнчлэн бүс нутаг өөр хоорондоо харилцан адилгүй, цаг уурын нөхцөл байдал иргэдийн аж амьдрал хэв маяг гээд өөр зүйлс олон. Энэ олон хэв маяг онцлогийг нэг дор тайзнаас харж бүс нутгийн загварын чиг хандлагыг тодорхойлж буйгаараа манай энэ наадмын онцлог юм.  

-Та наадмын ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Шүүгчийн нүдээр харахад наадам хэр үр өгөөжтэй хүртээмжтэй болж байна вэ? 

-Манай сургууль үндэсний үйлдвэрлэгчдийг бэлтгэн гаргадаг. Энэ ч утгаараа бид улс орныхоо хэмжээний үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой олон хөтөлбөрүүдэд хамрагддаг. Баруун бүсийн гоёл тэмцээн нь үйлдвэрлэл эрхлэгч, урлаачдыг хооронд нь нэгтгэж, өрсөлдүүлж байгаа боловч нэг талаасаа нэг нэгнээсээ суралцах боломжийг олгож байгаа арга хэмжээ. Энэхүү үйл ажиллагаанд шүүгчээр ажиллах эрхэм урилгыг хүлээж аваад ирсэн сэтгэл их өндөр байгаа.  

Монголчууд олон жилийн турш гаднаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, гадны хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тиймээс улсын хэмжээнд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарахыг эрмэлздэг болсон байна. Үүний тод жишээ бол энэхүү арга хэмжээ юм. Алслагдсан Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баянхонгор  аймгуудыг нэгтгээд  эдгээр аймгуудад үйлдвэрлэл эрхэлж байгаа, эрхлэхээр чин сэтгэлээсээ эрмэлзэж байгаа хүмүүсийг хийсэн бүтээлийг дэмжих сурталчлах, бие биетэйгээ ойртож дотносох сайхан боломж олгож байгаа наадам маань өргөн цар хүрээтэй болж байна. Миний бие анх удаагаа гоёл тэмцээний шүүгчээр ажиллах гэж байна. Энэ наадам маань 2007 оноос уламжлал болон өмнөх жилүүдэд баруун бүсийн бусад аймгуудад жил бүр зохиогддог арга хэмжээ юм байна. Мэдээж хэн нэгэн хүн өрөөнийхөө мухарт бүтээлээ хийгээд сууж байх нэг хэрэг. Харин тал бүрээсээ цуглаад хийж буй зүйлээ харилцан нэгэндээ танилцуулах, сурах, шинэлэг санаа олж авах зэрэг олон талын боломж олгож буй нь наадмын гол онцлог юм. Өөрөөр хэлбэл тухайн уран бүтээлч нутаг орондоо өөрийгөө таниулаад зогсохгүй улсын хэмжээнд өөрийгөө таниулах боломж гэдэг утгаараа манай сургуулийн зүгээс энэхүү арга хэмжээнд хамтран оролцож шилдэг оролцогчдыг Улаанбаатар хотод урьж аваачаад өөрийн сургууль дээрээ мэргэжил дээшлүүлэх боломж бүхий шагналын санг бэлдээд байгаа.

 -“Баруун бүсийн гоёл 2016” тэмцээний үеэр таны хувьд ямар шалгуурыг чухалчилж харж дүгнэлт хийв?

-Харж байхад янз бүрийн түвшний олон янзын бүтээлүүд байна. “Баруун бүсийн гоёл 2016” тэмцээн маань үндэсний загвар, үндэсний хэв маягийг тусгасан орчин үеийн хувцас буюу этно загвар, Европ загварын буюу орчин үеийн загвар,  гутлын загвар гэсэн тодорхой төрлүүдээр  явагдлаа.  Жишээ нь үндэсний ангилал гэж байна. Энэхүү  ангилалд яг үндэсний уламжлалт өнгө аясыг алдагдуулалгүйгээр түүнийг хэр сэргээн шинэчлэн хийж чадсан байна вэ гэдэг зүйлийг илүү харлаа. Нэг ёсны даяарчлагдаж буй Монголд уламжлалаа хүн бүр мартах хандлагатай  байна. Энэ ч утгаараа үндэснийхээ уламжлалыг маш сайн судалсны үндсэн дээр л үндэсний хувцсаа хийсэн байх хэрэгтэй. Энэ үзүүлэлтийг голлон харлаа.  

-Тэгвэл этно загварын хувцсыг хэрхэн шүүв?/Этно гэж чухам ямар загвар юм бэ/

-Үндэсний хэв маягийг тусгасан орчин үеийн хувцасыг этно гэж нэрлээд байгаа юм.  Этно ангиллын загвар нь өдөр тутмын амьдрал болоод өнөөгийн эрэгтэй, эмэгтэй Монгол хүн өмсөөд явахад тохиромжтой байх хэрэгтэй. Монгол дээлээ өмсөөд ажилдаа явахад төдийлөн тохиромжтой биш болчихоод байна шүү дээ. Гэтэл тухайн үндэсний онцлогийг илэрхийлсэн ямар ч үед өмсөхөд тохиромжтой загвар  гаргана гэдэг бол бас л их цаг хугацаа, мэдрэмж шаардана. Тэгэхээр энэхүү өнгө төрхөө хэр сайн гаргасныг нь анхаарч үзэж шалгаруулалтыг хийлээ. Үнэхээр зах зээлийн масс руу эргээд тухайн загвар нь олноор үйлдвэрлэх боломжтой зүйл болж чадахаар байна уу гэдгийг нь мөн харлаа. Нөгөөтэйгүүр тухайн бүтээсэн хүний гүйцэтгэл буюу эсгүүр, оёдол, материал сонголт зэрэг чадваруудыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийлээ. Наадамд оролцож байгаа оёдолчид загвар зохион бүтээгчид маань их чадвар, ур ухаан гаргасан шинэлэг загваруудыг оруулж ирсэн байна. Сэтгэл их өндөр байлаа.  

-Европ загварын буюу орчин үеийн загварын төрлийн талаар ярихгүй юу. Мөн гутлын загвар гэсэн төрлөөр өрсөлдсөн?

-Европ загварын буюу орчин үеийн загвар гэсэн төрөлд хэн илүү шинэлэг сэтгэж сэтгэсэн байгааг чухалчилсан.  Мэдээж шинэлэг сэтгэлгээг хүн болгон л өөр өөрийн өнцөгөөс харах байх. Гэхдээ аль болох гүйцэтгэл, өнгө төрх, бусдаас онцгойрч ялгарсан ялгарал зэргийг харлаа. Бүтээлүүдийн санаа зарим тохиолдолд давхцсан байв. Мөн бүтээлүүдэд шинэлэг санаа их оржээ. Орон нутагт үйлдвэрлэл эрхэл байгаа уран бүтээлчид маань ер нь загварын чиг хандлагаас нэг их хоцроогүй нь ажиглагдлаа. Бас нутаг орны онцлогийг их тусгасан нь сайшаалтай байв. Бид хувцасны үндсэн аксесур болох гутлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдийг бас чамгүй үзүүлэлт харж шүүлээ. Тухайлбал тухайн гутлын гүйцэтгэл, технологи, монгол хүний ур ухаанаар эх орондоо хийж гүйцэтгэсэн гутлыг ямар түвшинд хийж вэ гэдгийг харлаа. Ер нь манай сургууль 1995 оноос хойш гутал,  арьсан эдлэлийн зохион бүтээлтийн салбартай болсон. Улмаар уг салбараас төрөн гарсан Монголын томоохон үйлдвэрлэл эрхлэгчид Улаанбаатар хот төдийгүй орон нутаг даяар үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Монголын арьсан эдлэл буюу гутлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг салбарын гол мэргэжилтнүүд манай сургуулиас төрөн гарсан гэдэг утгаараа бид энэ салбараа дэмжиж ажилладаг. Тэгээд ч тус  чиглэлээр энэ удаагийн “Баруун бүсийн гоёл 2016” тэмцээнд анх удаа  өөрийн гэсэн нэг төрөл болгон оруулж ирсэн. Манай орон нутгийнхан ч амжилттай оролцлоо.  

-Наадмын үр дүнг яаж харж байна вэ?

-“Баруун бүсийн гоёл 2016” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэгэхээр гоёл тэмцээний тайзан дээр гарч байгаа хувцас магадгүй тайзан дээр хэдхэн хором бидэнд үзүүлээд өнгөрч байгаа мэт боловч цаана нь уран бүтээлч хүний маш их хөдөлмөр, оюун ухаан шингэсэн байдаг юм гэдгийг үзэгч бүхэн мэдээсэй, мэдрээсэй гэж бодож байна. Нөгөө талаасаа монголдоо урласан эх орныхоо уран бүтээлчдийнхээ хувцсыг өмсөөч ээ. Баруун бүсийн уран гартнуудын бүтээлийг үзэж тэднийг дэмжээсэй гэж бодож байна. Цаашлаад  бид гадны зах зээлээс орж ирсэн бүтээгдэхүүнийг биш эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж Монголынхоо нэг ч болов өрхийн амьжиргаанд нэмэр болоосой гэж хүсч байна. Энэ наадамд оролцсон бүтээлүүдийг хоёр өдрийн турш Баруун бүсийн түншлэл үзэсгэлэн худалдаан дээр иргэдэд нээлттэй худалдах юм байна. Энэ бол мэдээж энэ наадмын үр дүн шүү дээ. Уран бүтээлчдийн бүтээлийг борлуулах, худалдах, хэрэглэгчтэй болгож байгаа, энэ боломжоор хангаж байгаа үзэсгэлэн худалдаа бол наадмын үр дүн шүү.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ