Д.Бүрэнжаргал: Хүмүүс хүүхдүүдтэйгээ цуг ном уншихыг илүүд үздэг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-20 17:18:16

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн номын санч Д.Бүрэнжаргалтай ярилцлаа.


-Аймгийн номын сан сан хөмрөг арвин уу? Эртний болоод нэн ховор зохиолууд бий юу?

-Манай Нийтийн номын сан 41000 гаруй ном хэвлэлтэй. Үлгэрийн далай, Жадамба судрууд бүрэн эхээрээ бий. Мөн Арван хангал, Эхийн судар, Буяндалай намтар зэрэг 20 орчим судар, 1960 оноос өмнө хэвлэгдсэн 5 улсын толь, "Болд хэрхэн хатаагдсан нь" зэрэг ховор ном, судрууд хадгалагдаж байна.

 

-Нийтийн номын сангийн уншлагын танхимаар болон гэрээр уншигчдын тоо нэмэгдэж байна уу?

-Жилээс жилд манай номын сангийн шинэ уншигч, ном хэвлэлийн тоо, уншигч хэрэглэгчдийн тоо 5-10 хувиар нэмэгдэж байгаа. Сүүлийн үед иргэд утаснаас хол байх, хүүхдүүдтэйгээ цуг ном уншихыг илүүд үздэг болсон байна. Иймээс гэр бүлээрээ номын сангаар үйлчлүүлэх нь их болсон.

 

-Хүмүүс ер нь ямар зохиолыг түлхүү авч уншиж байна. Хүүхдүүд болон насанд хүрэгчдийн сонирхол юу байх юм?

-Хүмүүсийн нас, онцлог, сонирхол өөр болохоор ахмад үеийнхэн монголынхоо уран зохиол, түүх, залуучууд нь хувь хүний хөгжлийн номыг, хүүхдүүддээ танин мэдэхүйн номуудыг түлхүү гэрээр болон танхимаар уншдаг.

 

-Номын баяжилтаа хэрхэн хийж байна. Иргэдийг ном уншуулах талаар ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Номын сангаар үйлчлүүлж буй уншигчдаас номын татгалзлын лавлагаа авч түүн дээрээ худалдаагаар болон хандиваар номынхоо баяжилтыг хийдэг. Иргэдийн уншлагыг дэмжих олон талт үйл ажиллагаа болон соёлын боловсролын хөтөлбөрөөр дамжуулан ном унших хүсэл эрмэлзлийг төрүүлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа.

 

-Номын хадгалалт хамгаалалтыг хэрхэн хийж байгаа вэ?

-Бид MNS 5742 номын сангийн орчны нөхцөл үйл ажиллагаанд тавих шаардлага, стандартыг баримтлан ажилладаг.

 

-Гадаадын болоод дэлхийн сонгодог, мөн монголын эртний зохиолыг хүмүүс хэрхэн сонирхон уншиж байна?

-Манай хоёр уншлагын танхим дэлхийн сонгодог, монголынхоо зохиолуудыг танхим болон цахим хаягаар уншигчдад сурталчилдаг. Уншигчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид уран зохиолын хичээлийнхээ хүрээнд Монголын нууц товчоо, Гэсэр болон гадаад, монголын уран зохиолын ном авч уншдаг. Уншигчдын асуудаг ном ихэнх нь байдаг болохоор гэрээр авч уншдаг.

 

-Номын санчийн тухайд бодож явдаг тулгамдсан асуудал байдаг уу?

-Миний үед анх номын санч болж байхад цалин бага, нийгмийн баталгаа муу байлаа. Харин одоо сурч боловсроход улсаас анхаарч, цалин нь бусад байгууллагатай дүйцэхээр болж, 5 жилийн тэтгэмж авч байгааг нь харахад номын сангийн салбар хөгжлийн шатандаа явж байна даа л гэж харж байна.

 

-Ном уншихаас гадна олон нийтэд чиглэсэн өөр ямар ажлыг номын сангаас явуулж байна?

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас түүх, соёлын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, эх оронч өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх, соёлын биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэн үр хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгыг баримтлан ажиллаж байгаа.

 

Үүний тулд Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах олон улсын “Нүүдэлчин-Монгол” дэлхийн фестиваль, “Монгол гэр” үзэсгэлэн болон Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургууль, төрийн албан хаагч, иргэдэд “Үндэсний бичиг үсэг номын өдрүүд”-ийг тогтмол зохион байгуулдаг.

 

Мөн “Соёлын бүтээлч сар” аян, “Боловсролын хөтөлбөр” соёл олон нийтийн ажлын хүрээнд “Сэлэнгэ сайхан нутгаар аялцгаая”, “Гэр”  боловсролын хөтөлбөрийг явуулсан. Энд нийт 5834 хүн хамрагдсан.

 

-Хөтөлбөрүүдээсээ тодруулна уу?

-Тухайлбал "Гэр" боловсролын хөтөлбөрөөр монгол гэрийг танилцуулж, угсардаг монгол гэрийг эвлүүлэн барих, монгол гэрийн бүрдэл хэсгийн тухай оньсого тааж, танин мэдэхүйн ажлыг зохион байгуулдаг.

 

Сэлэнгийн сайхан нутгаар аялцгаая боловсролын хөтөлбөрөөр Уран зургийн булан, Сэлэнгэ аймгийн онцлогийг, сэтгэн бодох чадвартай уялдуулсан үгийн сүлжээтэй ажиллах, аймгийн түүхэн дурсгалт газруудын танилцуулгыг бэлтгэж хүргэх зэргээр ажиллаж байна.

 

Мөн уншлага үйлчилгээнд монголын түүхэн зохиолуудаас Д.Төрбатын Маршалын нууц товчоо, Юмжаагийн Цэдэнбал баримтат зохиол, Б.Сарантуяагийн “Сорхугтани”, “Самар хатан” түүхэн роман, Б.Батцэцэг “Монголын нууц товчоо”, Б.Нанжид, Б.Чанагнянгар “Гэсэр” номууд хамгийн их уншигдсан байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ