ДАРХАН-УУЛ: Хүүхдүүд “Аймбрийк” хөтөлбөрт хамрагдсанаар анхаарлаа төвлөрүүлж, хэл яриагаа зүгшрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Бүтээлчээр хөгжүүлье” уриан дор хүүхдийн оюуныг хөгжүүлэх чадварт суралцуулах “Аймбрийк” төсөл Дархан-Уул аймгийн хошой тэргүүний 18 дугаар цэцэрлэгт хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.
Аймгийн хэмжээнд найман цэцэрлэгт хэрэгжиж буй уг төслийн үйл ажиллагаатай танилцахаар хэрэгжүүлэгч "Эс Жи Жи Прэнд" ХХК-ийн удирдлагууд “Түшиц” 18 дугаар цэцэрлэгт ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилтэй танилцлаа.
Уг төсөл хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд, багачуудыг тоглоомын аргаар техник сэтгэлгээтэй болгох, оюуныг хөгжүүлэхээс гадна ганцаарчилсан болон багаар ажиллах чадварт сургах зорилготой юм.
БНСУ-аас шууд нийлүүлдэг хүний биед хоргүй, олон улсад зөвшөөрөгдсөн материалаар хийдэг уг тоглоом нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулж, ой тогтоолт, оюун ухаан болон бага насны хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх давуу талтай юм.
Мөн тус хөтөлбөрт хамрагдсанаар тоглоомын аргаар сэтгэлгээгээ хөгжүүлэх, анхаарал төвлөрөхөөс гадна сууж сурах дадал хэвшилд сургаж, хэл яриа зүгшрүүлэх, өнгө ялгах чадварыг нэмэгдүүлдэг гэж тус цэцэрлэгийн багш нар онцолж байна.
Төсөлд хамрагдаж буй цэцэрлэгийн багш нарыг БНСУ-д богино хугацаанд туршлага судлах, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах зүйлд сургах, агуулгын талаарх сургалтад хамруулдаг байна.
Төсөл хэрэгжиж буй цэцэрлэгийн хүүхэд багачууд хэл, ярианы хөгжил, нийгмийн харилцаа, биеийн хөгжил, бүтээлч байдал, логик хөгжил гэсэн дөрвөн чадварт суралцах юм.
Тухайлбал, өрөх, эвлүүлэхээс гадна төрөл бүрийн амьтан, ургамлын тухай харилцан ярилцаж, хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэл ярианы чадварыг хөгжүүлнэ.
Нийгмийн харилцааны тухайд хүүхдүүд хийсэн зүйлээ бие биедээ харуулж, хамтдаа хийх арга замаар нийгмийн болон хамтын үйл ажиллагааны сэтгэл зүйг төлөвшүүлнэ. Биеийн хөгжлийн хувьд блогоор хүссэн зүйлээ олон янзаар эвлүүлснээр нүд, гарын хөдөлгөөн сайжирч, жижиг булчингууд хөгжихийн зэрэгцээ тогтвортой сууж сурна.
Дөрөв дэх чадварын тухайд зөвхөн блог эвлүүлэх бус, сургалтын сэдвүүд дээр тулгуурлан хүүхдийн бүтээлч байдал, сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, логик ур чадварыг хөгжүүлдэг давуу талтай гэж "Эс Жи Жи Прэнд" компанийн зөвлөх Д.Үүрийнтуяа онцолж байна.
Мөн цаашид "Түшиц" 18 дугаар цэцэрлэгийн багш нарыг хөтөлбөрийн интеграци хичээлийн арга зүйд тулгуурлан чадавхжуулах тал дээр хамтран ажиллахаар зөвшилцлөө.
Түүнчлэн технологийн хөгжлийг даган хөтөлбөрийн тоглоомууд арга зүйн хувьд шинэчлэгдэж байдаг. Тиймээс тухайн хөгжилтэй хамт төсөл хөтөлбөр удаан хугацаанд хэрэгжих боломжтой гэв.
Төсөл хэрэгжиж эхэлснээр эцэг эхчүүд багшийн ажлыг дэмжиж, багшийн зүгээс хүүхдийн хүмүүжил, технологид суурилсан сэтгэлгээг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна.
"Аймбрийк" төсөлт тоглоомын хүрээнд тус цэцэрлэгийн бэлтгэл А бүлэг аяны богц аялуулж эхэлсэн байна. Ингэснээр хүүхдүүд зөвхөн цэцэрлэгтээ бус гэртээ гэр бүлийнхэнтэйгээ тоглох боломжийг нээжээ. Гэр бүлийн хамт тус тоглоомоор тоглосноор эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн хэрхэн суралцаж байгааг багшийн оролцоогүйгээр мэдэх боломж бөгөөд тэмдэглэл хөтлөх, хуудас дагалдаж түүгээр дамжуулан хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлж, судалгаандаа ашигладаг байна.