ЗАВХАН: Улиастайд барьж буй дулааны станцын төслийн ажил 41 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай суманд барьж буй 30 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцын төслийн ажил 41 хувьтай
байна.
30 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг барих төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг төслийн багийнхан аймгийн Байгаль орчны газарт танилцуулжээ.
Төслийн ажлын
гүйцэтгэгч “МЭЗ” ХХК төслийн талбайд 2023 оны дөрөвдүгээр сард ажлаа
эхэлсэн бөгөөд одоогоор ажлын
гүйцэтгэл 41 хувьтай байна. Төсөл
нь 2026 оны наймдугаар сарын 31-нд хэрэгжиж дуусна гэж Завхан аймгийн Байгаль
орчны газраас мэдээлэв.
Завхан аймагт 2024 онд улсын төсвийн 252,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 62 төсөл хэрэгжсэн. Үүнээс 15 төсөл он дамжин хэрэгжиж байгаа юм.
Түүний нэг нь Завхан аймгийн Улиастай суманд 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлыг эхлүүлсэн төсөл юм. БНСУ-ын 13.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 8.4 км дулааны шугам, 11 дулаан дамжуулах төв барихаар төлөвлөсөн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг хийж байна.
Өнгөрсөн онд зуухны үндсэн барилгын суурийн ажил бүрэн дуусаж тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийсэн юм. Тухайлбал механик угсралт гэхэд 10 Гкал/ц-ын 2 ширхэг, 5 гкалын нэг ширхэг зуухны угсралтын каркас босгохоос эхэлж өнөөдрийн байдлаар халах гадаргуу, металл хийцийн угсралтын ажил хийсэн байна.
Мөн зуухны үндсэн эд анги болох экран хоолой, барбан, ус халаагч, агаар халаагч, угсрагдсан дундын циклийн угсралт, түлш дамжуулах системийн барилгын зоорийн давхрын ажил хийсэн байна гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс нэмж мэдээлэв.
Улиастай хотод барих 30 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг барьж ашиглах төслийн
байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг тавьж байна