ОХУ-ын дөрвөн пуужин Иранд унасан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-09 11:13:17

ВАШИНГТОН. /ВВС/. Каспийн тэнгисээс харвасан ОХУ-ын дөрвөн пуужин Ираны нутаг дэвсгэрт унасан гэж АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүс мэдэгдэв.

Пуужин яагаад Иранд унасан нь тодорхойгүй байна гэж тэд мэдэгджээ.

1500 орчим км зайнаас Сирийн хойд болон баруун хойд нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн 11 байрлалд пуужингийн 26 цохилт өгсөн гэж ОХУ лхагва гарагт мэдэгдсэн. Харин пүрэв гарагт пуужингууд бүгд байндаа туссан гэж дахин мэдэгдсэн билээ.

Сири дэх ОХУ-ын ажиллагаа тэлж байгаатай холбогдуулан гишүүн орнуудаа хамгаалах тухай НАТО-гийн шинэ мэдэгдэл гарсны дараа дээрх мэдээллийг хийжээ.

Туркийн агаарын хилийг зөрчсөн асуудалтай холбогдуулан мэдээлэл өгөхийг Анкара дахь ОХУ-ын Элчин сайдаас гурван удаа хүссэн байна. Турк нь НАТО-гийн гишүүн юм.

Цэргүүдийг богино хугацаанд, яаралтай байрлуулах боломжийг бүрдүүлэхийн тулд НАТО хүчээ зузаатгаж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ