Ахлах комиссар Х.Ихмөрөн тэргүүтэй ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-12 14:08:13

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, ахлах комиссар Х.Ихмөрөн тэргүүтэй ажлын баг өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Ажлын баг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн ИТХ-ын төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөгийг улс даяар зохион байгуулж байна.

 

Аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-д иргэдийг төлөөлөх 41 төлөөлөгч сонгогдсоноос 29.2 хувь нь буюу 12 төлөөлөгч өмнө нь аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байсан туршлагатай.

 

Эдгээрээс 70.7 хувь нь буюу 29 төлөөлөгч анх удаа сонгогдон ажиллаж байна. Сумдын ИТХ-д аймгийн хэмжээнд нийт 383 төлөөлөгч сонгогдсоноос 55 хувь нь буюу 211 төлөөлөгч өмнө нь сумын ИТХ-д сонгогдон ажиллаж байсан туршлагатай бол 45 хувь нь буюу 172 төлөөлөгч нь анх удаа сонгогдон ажиллаж байна.

 

Иймд шат шатны хуралд шинээр сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчдөө хууль эрх зүйн хувьд чадавхжуулах үүргийн хүрээнд өнөөдрийн сургалтыг цаг үеэ олсон, чухал хэрэгцээтэй сургалт болно гэж үзэж байна.


Хууль эрх зүйн мэдлэг ойлголт буруу, дутуугаас үүдэн бусдад туслах гэсэн сэтгэлээр авлига, ашиг сонирхлын аливаа зөрчилд холбогдох нөхцөл байдал үүсэж болзошгүйг та бүхэнд сануулж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон холбогдох хууль тогтоомжийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцуулах зэргээр өнөөдрийн сургалтын зорилгыг тоймлон ойлгож болно.

 

Иймд аймаг, сумын эрхэм төлөөлөгчид сургалтдаа идэвх оролцоо сайтай оролцож, цаашдын ажил албандаа сонсож мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Сургалт үдээс хойш Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагаас төлөөлөгчдөд хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахад шаардлагатай мэдээ мэдээллийг өгөх юм.